Д.Амарсайхан нарын шүүх хурлыг хойшлуулав

“Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайхан нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид эхэлсэн ч зургадугаар сарын 5-ны өдөр хүртэл хойшиллоо. Шүүгдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч шүүх хуралдааны дэгийг зөрчин, дур мэдэн шүүх хурлыг орхисон гэх шалтгаанаар ийнхүү хойшлуулаад байгаа юм.

Хуралдааны үеэр шүүгдэгчдийн өмгөөлж буй есөн өмгөөлөгч “Д.Амарсайхан агсныг амь насаа алдахад уг хэргийн шүүгчид, улсын яллагч нар тодорхой хэмжээгээр буруутай” гэж үзэн, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан. Өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзаж, шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргаад байсан юм. Гэвч шүүгдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч Ерөнхий шүүгчийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэн, шүүх хурлын танхимыг орхин гарсан юм. Тиймээс шүүгчид нэг өмгөөлөгчгүйгээр хурлыг цааш явуулах боломжгүй гэж үзэн ийнхүү хойшлууллаа.

Хэрэгт Тэнгри Холдинг компанийн захирал Х.Анхбаярыг авилга өгсөн,Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайханыг авилга авсан,Д.Амарсайханы ахынх нь хүү Чандманыг халхавч болсон, Отгонболдыг дамжуулагч хийсэн гэх үндэслэлээр сэжигтнээр татан шалгаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ