Өмнөд Солонгосчууд Монголчуудаас үүсээгүйг тогтоожээ

Шинжлэх ухаанд “Монгол” гэдгээр дараахыг нэрлэж заншжээ. Нэгдүгээрт, дауны синдром буюу нэгэн төрлийн оюуны хомсдлыг монгол гэж албан ёсоор нэрлэдэг байна. Монголоор нэрлэгдсэн бас нэг үзэгдэл нь балчир хүүхдийн хонгон дээр үзэгддэг хөх толбо юм. Гэтэл хөх толбо ганц монгол ч бус, мөн хар, цагаан арьстнуудад ч нийтлэг тохиолддог байна. Гуравт, монгол нь бүх шар арьстнуудад оноосон антропологийн нэршил болж хэвшжээ.
Дээр өгүүлсэн эхний хоёр нэршил өнөөгийн Монгол үндэстний талаар үргэлж худал хуурмаг ойлголт төрүүлж ирсэн юм. Харин гуравдахь нь доромж утга шууд илэрхийлдэггүй боловч ази төрхтөнд оноосон монголойд гэх нэр бүх ази хүмүүс монгол гаралтай, иймд өнөөгийн монголчуудыг тэдний өвөг дээдэс мэт ойлгуулдаг байв. Гэтэл олон улсын судалгаа энэ нь буруу байсныг нотолсон байна.
Гурван жилийн өмнө “Science” цахим сэтгүүлд “Ази дахь хүний генийн олон янз байдлыг зураглах нь” нэртэй нэгэн судалгааны өгүүлэл нийтлэгджээ. Энэ судалгааг “Human Genome Organization`s Pan-Asian SNP” гэх нэртэй 10 орны консерциумын судлаачдаас бүрдсэн баг Азийн янз бүрийн угсаатны 1923 хүнээс дээж авч явуулсан байна.
Дээрх судалгааны үр дүн азичуудын гарал үүслийн талаарх хэвшмэл үзэл ойлголтыг эвдсэн байна. Судалгаагаар өнөөгийн Зүүн Азийн үндэстнүүдийн өвөг дээдэс эрт цагт Монголоос бус, харин Зүүн Өмнөд Азиас нүүдэллэн ирсэн гэдгийг олж нээсэн байна. Энэ судалгааны нэг чухал онцлог нь ихээхэн маргаантай сэдэв буюу өнөөгийн Солонгос, Хятад, Япончуудын өвөг дээдэс чухам хаанаас үүсэлтэй болохыг тогтооход томоохон алхам болж байгаа ажээ.
Энэ судалгаагаар солонгос, хятад, япон үндэстний өвөг дээдэс Зүүн Өмнөд Ази буюу өнөөгийн Тайланд, Малайз, Индонези, Филиппиний нутгаас нүүдэллэн ирж Зүүн Азид сууршсан гэдгийг тогтоожээ. Мөн тус судалгаа Зүүн Өмнөд Азиас гаралтай энэ гурван үндэстэн генийн хувьд бараг ялгаа байхгүй гэдгийг нээж олсон байна.
Сингапурын геномын институтын гүйцэтгэх захирал, Хүний геном байгууллагын ерөнхийлөгч ноён Эдисон Лью энэ судалгаанд ихээхэн ач холбогдол өгсөн юм. Дээрх судалгаа хэвлэгдсэний дараа ноён Лью энэ бол манай үндэстнүүд “ямар холбоотой байснаа ойлгохын тулд эв санааны урам зоригоор хамтарсны”-ын үр дүн хэмээн өндрөөр үнэлсэн байна.
Гэвч заримынх нь хувьд дээрх судалгаа тийм ч сайхан мэдээ биш бололтой. Энэ судалгааны үр дүн өөрсдийгөө Төв Азиас гаралтай гэж үздэг өмнөд солонгосчуудын хувьд том цохилт болсон ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ