Сайхан амьдралын нууц

Гэр бүл зохиож сайхан амьдрана гэдэг хүн бүрийн хялбархан хийдэг амар ажлын нэг биш юм. Та хувь тавилангаа холбосон хайртай бүсгүй /залуу/-гаанасан туршдаа хамт амьдрахыг хүсч байвал амьдралын олон үе шатыг давах шаардлагатай. Харин та хүсэлдээ хүрч сайхан амьдрахын тулд тохиолдох үе шатуудыг хэрхэн даван туулах хэрэгтэй вэ? Эрдэмтэд судлаачдын олж мэдсэнээр гэр бүл салалтын ихэнх нь эхний таван жил дотор болдог байна. Үүнээс хойно хямрал илрэх хугацаа нь хоорондоо улам холддог. Хүний амьдралд хамгийн хямралтайд тооцогдох хэд хэдэн цаг үе байдгийг гэр бүл судлаачид ийн өгүүлж байна.

Эхний жил

Хамгийн хачирхалтай нь сүй тавьсан, хамтран амьдрахаар шийдсэн олон хосууд гэрлэж ч амжаагүй байж салахаар шийддэг байна. Энэ нь зүгээр уулзаж учирч байхад тохиолдож байгаагүй оолн бэрхшээл хамт амьдраад ирэхээр нь гэнэт гарч ирэх бөгөөд эхний жилдээ залуу хүмүүс өөрсдийгөө гэр бүлийн амьдралд огт бэлэн биш байсныг олж мэддэг ажээ. Энэ нь ихэнхдээ өөр хүний хүсэл зорилгод нийцэж, маргаан, зөрөлдөөнд бууж өгөхийг хүсдэггүй зэргээс нь болдог байна.

3 жил

Энэ үед ихэнх гэр бүл хүүхэдтэй болж,энэ нь залуу гэр бүлийн өмнө шинэ шалгуур болон гарч ирнэ. Хүүхэд гэдэг асар их анхаарал халамж, маш их цаг хугацаа шааардана. Урьд залуус зөвхөн бие биенээ хайрлаж, хоёрхон биеэ бөөцийлж байсан бол одоо нэг хайраа гурав, магадгүй дөрөв хуваах хэрэгтэй болно. Ингээд олон олон бэрхшээл ар араасаа цувран гараад ирэх үест залуучууд харилцан тэвчээр, халамж гаргахын оронд яг эсрэг зан чанар, үйлдэл гаргаж эхэлдэг.

5 жил

Харин тав дахь жил дээрээс эхлэн хосуудын хоорондын үл ойлголцол, маргаан нь голдуу гэр бүлийн эдийн засгийн байдал, нэгэнт биелэгдэхээ өнгөрч цөхөрсөн итгэл найдвар, эд хөрөнгөний байдлаас үүдэлтэй байдаг. Эхнэр нь хоорондын таарч тохирохгүй байгаа байдлаа нөхрийнхөө арчаагүй, ядуу, мөнгө бага олдогтой холбон буруутгаж эхэлдэг. Хэрүүл маргаан, харилцан бие биеэ буруутгах байдал нь даамжирч, гүнзгийрэн нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Эхнэр, нөхрөө ойлгохыг хүсэхгүй, ханиа байгаа чигээр нь хүлээн авахыг хүсэхгүй бол салалтанд хүргэнэ.

7-8 жил

Гэрлэсний долоогоос найман жил бол ерөөсөө дэлхий дахины бүх л улс гүрэнд салалтын оргил үе гэж тооцогддог. Энэ нь ихэвчлэн дунджаар 30 нас хүрч буй хүний насны хямралтай тохиодог. Учир нь нь энэ үедээ хүн голдуу ажил, мэргэжлээ сольж, илүү ихэд тэмүүлж, оршин суух газраа ч өөрчилж, өөрөөр хэлбэл амьдралаа бүхлээр нь өөрчилдэгбайна. Яг энэ хямралд эрчүүд илүүтэй өртөмтгий байдаг. Тэд өөрийнх нь жинхэнэ хүсэл, мөрөөдөл нь урьд өмнө учирсан, хийсэн, амсаж эдэлсэн зүйл огт биш гэдгийг гэнэт ойлгоно. Тэднийг сексийн, биеийн огт өөр жаргал, сэрэл мэдрэмжийг амсч үзэхсэн гэсэн хүсэл эзэмдэн авдаг ажээ.

15 жил

Энэ үед гэр бүлийн хямралын өөр нэг оргил эхэлнэ. Ихэнх хүмүүст гэр бүлийн амьдрал гэдэг нэгэн хэвийн, уйтгартай зүйл мэт бодогдох болсон байдаг. Эрэгтэй, эмэгтэй хэн хэн нь залуу нас өнгөрч, амьдрал жирэлзэн урсаж буйг ойлгоно. Гэр бүлийнзүгээс сэтгэл хөдөлгөөн аз жаргал баяр баясгалан мэдрүүлсэн үг үйлдэл гарах нь бараг үгүй болсон байна. 48 нас бол угаасаа гэр бүлээс гадуурах янаг амрагийн явдлын хамгийн идэвхтэй, оргил үе гэж тооцогддог. Энэ хямрал, хүндрэлээс гарах хамгийн гол арга бол өөрийгөө “амьдрал үргэлжилж, байна, бүх юм өнгөрчихөөгүй, бид урьдын адил бие биедээ хайртай хэвээрээ байгаа” гэдэгт л итгүүлэн үнэмшүүлэх явдал юм.

25 жил

Мөнгөн хуримын жил. Гэхдээ харамсалтай нь цөөнгүй удаа энэ гайхамшигт баяр баясгалан уйтгар гуниг болон хувирдаг. Энэ үе бол хүн амьдралдаа юунд хүрч, амьдралын ямар бааз, суурийг бий болгов гэдэгтээ дүгнэлт хийдэг. Энэ үед гэр бүл салах шалтаан их олон янз. 30 нас хүртлээ хүмүүс хүүхдээ өсгөж, ахуйдаа дарагдаж, ажилдаа албан тушаал хөөж хамаг цагаа өнгөрөөдөг тул яг хувийн хүсэл, үзэя бодлоо өөрийн мэдэлгүй хоёрдугаар зэрэгт тавьдаг. Харин дотор нь хуримтлагдсан бүх л зүйл тэр дундаа салах бодол хүртэл 40-45 насанд гэнэт тэсэрдэг. Энэ үед гэр бүл салалтанд хүний бие махбодын онцлог, түүнд гарч буй өөрчлөлт нэлээдгүй нөлөөлнө.

-Ингээд өчнөөн олон жилийн турш хичээнгүйлэн бүтээн босгож ирсэн амьдрал нь нэг л өдөр нуран унах нь эмэгтэйн сэтгэхүйд айхтар хүнд цохилт болж мэдрэлийн цочролд ч хүргэнэ. Тэгээд ч 45 наснаас хойш гэр бүл салах нь ичгүүр гэсэн бодол нийгмийн дунд хүчтэй бий. Тиймээс нэгэнт 40-45 хурсэн эмэгтэй ганцаараа үлдэхдээ ганцаардлаас айж, мөн хүмүүсийн хэл ам, нийгмийн зүгээс түүнд үзүүлж болох доромжлолыг бодож шаналж эхэлнэ. Хүн бүр л халуун дулаан байдалд, бусдаар хайрлуулж, үнэлүүлж, хүндлүүлж амьдрахыг хүсдэг. Харин үнэхээр ингэж амьдарч байгаа хүнд ямар ч хямрал хүнд хэцүү биш байдаг шүү дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ