Дүүрэг бүрийн гадна наадам хийцгээее

Хүүхдийн баярыг манай улс 61 дэх жилдээ нижгэр сайхан тэмдэглэж өнгөрүүлэв. Хаа сайгүй л бүрээ бөмбөр нижгэнэж, эрээн цэцэг шиг гоёхон хүүхэд багачууд, алиа бяцхан жаалууд аав ээжтэйгээ хөтлөлцөн явах. Хотын төвийн хаа л бол хаа хүүхдийн баярт зориулсан баярын арга хэмжээнүүд боллоо.

Гэхдээ нэг зүйлд эмзэглэв. Хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг эсэргүүцэж байгаа юм биш шүү.
Нөгөө л нэг төсвийн мөнгийг салан задгай сугаараа зарцуулдаг улстөрчдийн зан хүүхдийн баяраар хүртэл харагдахад нь эмзэглэлээ.

Баяр болохоор л Монгол Улс хөгжиж байгаа юм шиг харагддаг уламжлал энэ удаа ч мөн давтагдав. Нөгөө эдийн засгийн хямрал, хямралаас гарах 100 хоног өчигдөр лав мартагдлаа. Хуучин нийслэлийн төв талбай, Тусгаар тогтнолын талбай зэрэг цөөн газарт албан ёсны арга хэмжээ зохиодог байсан бол энэ удаа дүүрэг бүхэн парад, урлагийн үзүүлбэрүүд бүхий арга хэмжээнүүдтэй хүүхдийн баярыг өнгөрөөж байна. Нэг үгээр хэлбэл зөвхөн нийслэлийн төсвөөс гардаг мөнгө энэ удаа дүүрэг бүрийн төсвөөс гарч байгаагаараа онцлог аж.

Яахав, хотын төвийг зорьж түгжрэхгүй сайн талтай гэж бодоход эцэг эх бүр хүүхдүүдээ аван төв талбайг зорих аж. Хүүхдийн паркийн тоглоомын үнэ шунахай луйварчдын гараар тэнгэрт тултал өссөн энэ цагт төв талбайдаа л хүүхдээ баярлуулахыг хүссэн иргэд дийлэнх нь аж.

Харин хажуугаар нь дүүрэг бүрт, бараг л хороо бүрт зохиогдсон арга хэмжээнүүд илүүц шахуу юм. Гадаад орнуудад ийм арга хэмжээг хувийн хэвшлийн хүчээр л зохион байгуулдаг. Төрөөс зөвхөн тэр арга хэмжээг зохион байгуулахад шаардлагатай байр, талбай, аюулгүй байдлыг нь хангаж өгдөг.

Тэгээд л өнөөх шилдэг татвар төлөгч, нэр хүндтэй компаниуд нь нэгдсэн хөтөлбөр бүхий арга хэмжээгээр хүүхдүүдээ харин ч нэг баярлуулах шиг болдог гэнэ.

Тэгвэл дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дөмөгхөн компаниудтайгаа хамтраад зай талбайг нь чөлөөлж өгөөд, ард нь тухайн компанийг дүүргээс дэмжих болзлуудтайгаар хүүхдүүдээ баярлуулахад болохгүй гэх газар байсангүй. Харин манай улстөрчид л болсон хойно эдийн засгийн хямралыг ч үл тоон асар их мөнгө цацжээ.

Энэ янзаараа удахгүй наадмаар дүүрэг, хороо бүр гаднаа эрийн гурван наадам хийх болтой дог. Монголчуудын сэтгэхүйд баяр ёслолтойгоо холбоотойгоор улс орны амьдрал, эдийн засаг таг мартагддаг. Тэнд эдийн засгийг сайжруулах 100 хоног зарлачихаад зарим нэг нь байдгаа шавхан ажиллаж байхад наагуур нь хурган улстөрчид, төрийн албан хаагч нар баяр ёслолоор далимдуулан мөнгөөр наадах нь ёстой л монголчуудын зан юм даа.

С.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ