Байгалийн гайхамшигт бүтэц бүхий 7 газар

Энэ хорвоогийн байгалийн хамгийн үзэсгэлэнтэй гайхамшгийн жагсаалтыг танилцуулая, гэхдээ эдгээрийн зарим нь устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа нь харамсалтай.
САЛАР ДЕ УЮНИ, БОЛИВИ УЛС
Боливи улсын Салар де Уюни бол дэлхийн хамгийн гайхалтай газрын нэг мөнөөс мөн. Дөчин мянган жилийн тэртээ энд балар эртний нуур байсан бөгөөд сүүлд нь дэлхийн хамгийн том давст нуурыг үлдээгээд ширгэжээ.
Борооны улиралд 12 мянга гаруй хавтгай дөрвөлжин талстжсан гадаргууд ус хуримтлагдаж, Салар де Уюнигийн тэгш тал тэр чигтээ асар том толь шиг болж, тэнгэр, үүл хийгээд уулс түүнд тусахдаа, оптикийн ер бусын үзэгдэл бий болгон, зэрэгцээ ертөнцүүд байдаг мэтээр бодогдуулна.


ПАРИЯ КАНЬОН, АРИЗОНА МУЖ УЛС, АНУ
Аризона муж улс дахь “Пария Каньон” гэдэг үндэсний дархан цаазат газарт дэлхийн бүх нутгийн аялагч, гэрэл зурагчид очихын хүслэн болдог юм. Цөл дэх цул чулуулаг нь олон зуун сая жилийн тэртээ элгэн хад болсон элснээс өөр зүйл огт бишээ. Улаан өнгийн элсэн чулуунд салхины сийлсэн зам харгуй, гудам, давалгаа, хавцал шиг үзэсгэлэнтэй хэлбэр дүрс нь энд ирэгсдийн гайхшралыг төрүүлдэг бөгөөд юу гэвэл цөл дэх хадны өнгө, хээ нь гэрэл болон цаг агаарын байдал өөрчлөгдөхөөр бас дагаад байнга өөрчлөгдөж байдаг байна.
Энд тийм ч олон жуулчин ирдэггүй, учир нь тэнд хүрч очих маш хэцүү. Дархан цаазат газарт унаагаар явж болдоггүй, тиймээс 5 км явган явснаар л улаан өнгийн элсэн хадыг бахдан үзэж болно. Мөн Аризона бол жинхэнэ цөл гэдгийг бодолцвол, тэнд хийх зугаалга нэлээд хүнд байж мэднэ.


АЙЕРС-РОК, АВСТРАЛИ
Айерс-рок нь газарт тэгнэн хэвтсэн унтаж байгаа асар том амьтан мэт харагддаг. Энэ цул хадны хэмжээ үнэхээрийн гайхал төрүүлдэг бөгөөд өндөр нь 350 м, тойргоороо 9 гаруй км, харин 680 гаруй сая жилийн настай!
Австралийн гол дурсгалт газрын нэгэнд тооцогддог. Хүмүүс бүтэн хагас километр өгсөж оргилд нь гарч, Австралийн үндэсний “Улуру-Кат Тюьт” паркийн асар уудам цөлийн төрх байдлыг харахаар энд ирцгээдэг юм.


ГАЗАР ДООРХ ПУЭРТО-ПРИНСЕСА ГОЛ, ФИЛИППИН УЛС
Пуэрто-Принсеса бол Филиппиний Далава арлын ижил нэртэй хотын ойролцоох газар доорхи гол юм. Puerto Princesa Subterranean River National Park бол ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад ордог дархан цаазат газар.
Мөн дэлхийн байгалийн долоон гайхамшгийн нэгэнд тооцоогддог. Гол агуйгаар 8 гаруй км урсана. Газар доорх агуйгаар завиар явахыг жуулчдад санал болгодог бөгөөд энд тэд уулын гипсэн хөрс, мөсөн унжлагуудыг үзэж болно.


ТАЛСТ АГУЙ, МЕКСИК
11 метр байгалийн өвөрмөц талстуудыг хармаар байна уу? Тэгвэл Cueva de los Cristales агуйд очоорой! Энэ агуйг 2000 онд л илрүүлжээ. Чиуауа муж улсын Найка уурхайн ажилчид шинэ ордыг эзэмших үедээ энэ агуйтай санаандгүй тулгарсан байна.
Тэр цагаас хойш селенитийн маш гоё талстууд (энэ нь бүтцээрээ гипстэй адилхан) жил бүр дэлхийн олон мянган жуулчныг татах болжээ. Талстуудыг эвдрэхээс хамгаалахын тулд агуйд ордог хонгилыг хааж магадгүй,тиймээс сониуч жуулчид байгалийн энэ гайхамшгийг амжиж үзэх хэрэгтэй болж байна.


ШИЛИНИЙ ЧУЛУУН ОЙ, ХЯТАД
Шилиний чулуун ой нь Куньмин хотоос 120 км-т оршдог шохойжсон чулуулаг юм. Энэ чулуу нь эмтэрсэн шүд шигээр газрын хөрснөөс дээш гарсан байдаг бөгөөд 270 сая гаруй жилийн настай, талбай нь бараг 350 хавтгай дөрвөлжин километр.
Газрын царцдасын хагарал, хөрсний элэгдлээс болоод урьд нь далай байсан энэ газарт янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй олон мянган элгэн хад тогтсон байдаг. Эдгээр хад нь асар том замууд үүсгэж, жуулчид эдгээр замаар өдөр бүр цааш нааш явцгаадаг байна.


ШҮРЭН ХАД, АВСТРАЛИ
Энэ нь бараг 3 мянган шүрэн цохионоос бүрддэг 2600 километр урт гайхалтай сонин цохио юм. Энэ нь амьд организмуудаас (ёроолын амьд шүрэн биетүүд) үүссэн байгалийн томоохон объект бөгөөд үүнийг сансраас харж болно. Том шүрэн цохионы нийт талбай нь бараг 350 мянган хавтгай дөрвөлжин км бөгөөд Их Британийн нутгаас бараг бүтэн хагас дахин их юм!
1981 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад оржээ. Харамсалтай нь, цаг агаарын өөрчлөлтэй холбогдон зарим шүрэн цохио эвдэрч байгаа гэнэ. 2012 оны аравдугаар сард Үндэсний шинжлэх ухааны академиас нийтлүүлсэн судалгаанаас үзвэл, том шүрэн арлуудыг бүрдүүлдэг ёроолын шүрэн биетүүдийн талаас илүү нь байхгүй болжээ.


С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ