А.Галтбаяр 347 сая төгрөг хууль бусаар авчээ

ШӨХТГ-аас МУИС-ийн захирал А.Галтбаярт хариуцлага тооцох хүсэлтийг Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хүргүүлсэн тухай мэдээлэл хийлээ.

Оюутнуудаас ШӨХТГ-т А.Галтбаяр захиралд холбогдох нэлээдгүй гомдол ирснээс улбаалан МУИС-д хяналт шалгалт хийхэд 241 оюутнаас нийт 347,182,000 төгрөгийн хууль бус төлбөр авсан зэрэг нэлээдгүй зөрчил илэрчээ.

Тус сургуулийн захиргааны зөвлөлийн хуралдааны шийдвэр болон дүрмийн заалтыг үндэслэн захирлын тушаалаар баталсан “Оюутан шилжүүлэн суралцуулах журам”-д шилжилтийн төлбөр авахаар заасан нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11.4, 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж улсын байцаагчийн дүгнэлт гарч албан шаардлага хүргүүлсэн юм.

Гэтэл Монгол Улсын их сургуулийн захирал А.Галтбаяр нь улсын байцаагч нарын албан шаардлагын дагуу оюутнуудаас хураан авсан шилжилтийн төлбөрийг буцаан олгохоос татгалзсан хариу ирүүлсэн байна.
Иймд тус газрын улсын байцаагч нарын албан шаардлагыг биелүүлж оюутнуудын хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авч, хууль зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож манайд хариу ирүүлэхийг хүсье” хэмээн ШӨХТГ-аас Л.Гантөмөр сайдад хүргүүлсэн албан бичигт дурджээ.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ