ШӨХТГ-аас банкуудад шалгалт хийжээ

Банкууд иргэдээс шимтгэлийн хураамж их хэмжээгээр авч байна гэсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр баталсан 1/8 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийжээ.
Уг шалгалтад “Голомт”, “Капитал”, “Хаан”, “Худалдаа хөгжлийн”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл”, “Кредит”, “Улаанбаатар хотын банк”, “Капитрон”, “Хас”, “Чингис хаан”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” зэрэг нийт 13 банкийг хамруулжээ.
Хяналт шалгалтаар дээрх нэр бүхий арилжааны банкуудын үйл ажиллагаанд дараахь зөрчлүүд илэрсэн байна. Арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл нэрээр 0,25-4 хувь хүртэл хэмжээний төлбөрийг авдаг байна. Түүнчлэн 1000-40 000 төгрөгийн хураамж авдаг нь илэрчээ.
Дээрх нэр бүхий арилжааны банкуудын зүгээс зээл олголтын зардал гэх нэрээр зээлийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг байх боловч хураамж гэх зээл олголтын зардлыг дахин авч байгаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна.
Иймд зөрчил гаргасан арилжааны банкуудад дээр дурдсан зөрчлийг арилгах тухай хугацаатай үүрэг даалгаврыг Улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгов. Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтын дагуу зөрчил гаргасан арилжааны банкуудад зөрчил арилгах захиргааны шийтгэл ногдуулахаар болов.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ