Халаасны хулгайчтай нийлж ажилладаг кондуктор баригджээ

Баянгол дүүргийн 15 дугаар хороо буюу "Өргөө-1" кинотеатрын автобусны буудлаас халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, цагдаагийн байгууллагын сэжигтний бүртгэлд бүртгэлтэй дөрвөн этгээд өчигдөр 11.00 цагийн орчим баригдсан байна.
Тэдгээр халаасны хулгайч нар Долоон буудлаас Таван шар чиглэлийн автобусанд сууж, I хороолол хүрэх замдаа дөрвөн иргэний цүнх, халааснаас гар утас болон хэтэвчтэй бичиг баримт, мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлж автобусны кондукторт дамжуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тэднийг Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.
Иймээс иргэдийг нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ цүнх, халааснаасаа эд зүйлээ хулгайчид алдахаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Баяндалай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ