Автобусны жолооч нар юу боддог вэ

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр нийтийн тээврийн автобус СХД-ийн нэгдүгээр хорооллын 32-ын автобусны буудлын дэргэдэх гарцан дээр зогсож байсан суудлын машиныг араас нь хүчтэй мөргөж, улмаар жолоочийн биед нь хүнд гэмтэл учруулсан осол гаргажээ.

Хүчтэй мөргөсөн тул суудлын автомашин урдаа яваа автобусыг ч мөргөсөн байна. Осол гаргасан автобусны жолооч гэнэт тоормос ажиллахаа байсан хэмээн мэдэгдэж байгаа ч цагдаа нар уг ослын шалтгааныг тодруулж үнэхээр механик гэмтлийн улмаас гарсан осол уу хурд хэтрүүлж яваад гаргасан жолоочийн хариуцлагын асуудал уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Энэхүү мэдээллээр нийтийн тээврийн том оврын автобуснуудын жолооч нарын хариуцлагагүй үйлдлүүд нийгэмд ихээхэн хор хөнөөл дагуулсаар буйг хэлэх гэсэн хэрэг.

Нийтийн тээврийн жолооч нар эгнээ байраа зөв эзлэхгүй хүссэн эгнээндээ ордог, хурд хэтрүүлэн давхидаг, зорчигчдоо булаалдан хоорондоо уралддаг зэрэг асуудлууд өдөр тутам гарч иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа нь энгийн л бодит байдал.

Энэ асуудалд Нийтийн тээврийн газар, тухай автобус компаниуд ямар хариуцлага тооцож, хэрхэн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ажилтнууддаа заавар зөвлөмж өгдөг нь мөн л бүрхэг.

Ер нь жолооч кондукторуудын иргэдийг хэрхэн тээвэрлэж, зорчуулж байгаагаас ажиглахад дээрх заавар зөвлөгөө бараг байдаггүй гэмээр.

Цалин хөлс, тасалбарын үнэтэй холбоотой асуудлаар нийгэмд ихээхэн дуулиан дэгдээж хүссэн цагтаа ажил хаялт зарладаг хэр нь асуудлаа шийдүүлсний дараа тэдний үйлчилгээ нь бахь байдгаараа байдаг нь харамсалтай.

Хотын замд хурд хэтрүүлэн уралдах нь ямар аюултай үр дагавар дагуулж болохыг тэдгээр жолооч нарт ухамсарлуулан ойлгуулах нь зөвхөн цаг хугацаа гэмээр.

Өдөр бүр нийтийн тээврээр үйлчлүүлж ажил амьдралдаа хөл залгуулдаг энгийн иргэдийн хувьд байнгын айдас хүйдэс тээж явах нь энгийн зүйл гэж үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин