Төгрөгийг хятадууд талийгаачийнхаа шарил дээр шатаадаг

Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахаар Хил хамгаалах Ерөнхий газрын хилийн тагнуулын алба ажиллаж байна. Ингээд хилийн зөрчлийн талаар ХХЕГ-ын хурандаа Н.Адьяатай ярилцлаа.

-Хилийн зөрчил хэр их гарч байна. Голчлон ямар зөрчил их гарч байна?

-ХХЕГ-ын Хилийн тагнуулын албанаас хил дамнасан хэргийг баримтжуулсан байна. 2013-2014 он хүртэл улсын хилээр байгалийн чулууг хууль бусаар гаргасан зөрчил их гарч байна. Хийц маяг төрхөөр нь хил гаргахыг хориглодог. Гэсэн хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг хилийн боомтоор гаргах хандлага ихэсч байна. Зөвхөн 2013 онд байгалийн үнэт эдлэл 20 кг хаш чулууг хятадын зах зээлд 80-100 мянган доллараар зарсан байдаг. Ер нь чулууны наймаа маш идэвхжиж байна.

Монгол Улсад зөвхөн чулууны наймаа эрхэлдэг бүлэглэл бий болсон. Хоёр хаш чулууг ийм их мөнгөөр худалдсан хэрэг гарсан байна. Гашуун Сухайтын хилийн шалган нэвтрүүлэхбоомтоор өнгөрсөн тавдугаар сарын 1-нд машины суудалд нуугаад их хэмжээний өнгөт чулуунууд гарах гэж байсан. Мөн тус боомтоор 220 кг Оюу чулуу гаргах гэж байсныг саатуулсан. 2014 онд 5 кг шахуу солир чулууг Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор гаргах гэж байсныг илрүүлсэн. Энэ солир нь асар үнэтэй. Зөвхөн БНСУ-ын зах зээлд 1 сая доллар хүрдэг. Тэгэхээр монгол мөнгөөр тооцвол тэрбум төгрөг гаруй үнэтэй.

-Бичиг баримтгүй хятад иргэдийг хууль бусаар манай улсын хилээр нэвтрүүлдэг гэсэн мэдээлэл байсан?

-Хилийн тагнуулын бас нэг үүрэг нь хилийн зөрчлийг илрүүлэх. Хил зөрчигчийг барих, илрүүлэх байдаг. Сүүлийн үед хилийн зөрчил маш нарийсч байна. Тухайлбал, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 2013-2014 онд нийт найман удаа улсын хилээр картон цаасанд хүн нэвтрүүлсэн хэрэг гарсан. Орж ирж байгаа улсууд нь бичиг баримтгүй. Бичиг баримтаа хаячихсан, хар тамга даруулсан улсуудыг машинд нууж оруулж ирдэг. Энэ нь бас цаанаа бизнес болсон. 3000-5000 юанаар оруулж ирдэг. Бүлэглэлийг илрүүлэн ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн.

-Өөр ямар хэрэг зонхилж байна вэ?

-Ер нь байгалийн үнэт чулууг хууль бусаар гаргах зөрчил их байна. Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн иргэд байгалийн чулууг түүж кг-аар нь гаргадаг.1 кгчулуу нь Хятадын нутаг дэвсгэрт120-540 мянга хүрдэг. Хас чулуу өмнөговь аймгийн Гурвантэс сумаас гаргадаг Энэ нь маш үнэтэй чулуу. Хамгийн хатуулаг алмаазын дараа ордог. Улсын хилээр гаргаж байсныг саатуулсан. Мөн татвараас зайлсхийх, хориглосон барааг улсын хилээр гаргах зөрчил их гарч байна. 2013 онд Ховд аймгийн Булганы боомтоор 80 гаруй тонн зэс гаргах гэж байсныг илрүүлсэн. Шинэ онцлог нэг хэрэг байна. Нүүрс тээвэрлэж байгаа Хятадын компаниудаасманай монгол залуучууд дөрвөн машин хулгай хийж, нийслэлд задлаад Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт өгсөн хэрэг гарч байсан.

-Контейнерээр хууль бус бараа тээвэрлэх хэрэг гардаг уу?

-Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор тоноглогдсон нуувч хийсэн контейнерүүдийг их гаргаж байна. Энэ контейнерт хориглосон бараа хийж хилээр гаргахыг завддаг. Зөвхөн нэг сард Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн хийсэн нуувч 40 тонны контейнерт100 гаруй зээрийн мах, 100 гаруй хонины мах, бугын эвэр, тарваганы арьс зэрэг маш олон зүйл хийж байсныг илрүүлсэн.

-Хар тамхины хилээр гаргах, оруулах хэрэг хэр их гарч байна?

-2013, 2014 онд улсын хилээр ялангуяа боомтуудаар Буянт-Ухаа, Замын-Үүдээр хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бодис бэлдмэл оруулах зөрчил ихэсч байна. Манай улсын хувьд ч сүүлийн үед залуучууд сэтгэцэд нөлөөлөх бодисыг маш их хэрэглэж байна. Үүнийгээ авчирч дамлаж зардаг хэрэг ихэсч байна. Энэ сарын 4-5-нд шилжих шөнө Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 68 грамм ice буюу мөс, 11 грамм гашиш оруулж ирснийг хилчид бид саатууллаа. 0.9 грамм хар тамхи гэхэд 3 сая гаруй төгрөгийн үнэтэй.

-Манай улсын мөнгөн дэвсгэртийг хууль бусаар гаргадаг гэх мэдээлэл байсан?

-Сүүлийн үед манай улсын бага нэгжийн 1, 5, 20, 100-тын дэвсгэртийг чемодон саваар дүүргэн авч гарах тохиолдол их гарч байна. Үүнийгээ гоёл чимэглэлийн бэлэг дурсгалын зүйл хийдэг гэж тайлбарладаг. Харин бидний авсан мэдээллээр БНХАУ-ын иргэд бурхан болоочдынхоо оршуулга дээр шатаадаг асуудал яригдаж байна. Өөрийнхөө мөнгөн дэвсгэртийг шатаалгүй манай улсын мөнгөн дэвсгэртийг шатаадаг.

-Нийт хэчнээн мөнгөн дэвсгэрт гаргасан бэ?

-2013, 2014 онд нийтдээ гурван удаагийн үйлдэл илрүүлсэн. Нийт 2 сая гаруй төгрөг гаргасан байдаг.

-Хэргийн илрүүлэлт ер нь ямар байна?

-Хилчид улсын хилийг хамгаалахдаа олон төрлийн аргаар хамгаалдаг. Үүний нэг нь тагнуулын аргаар хамгаалах. Улсын хилээр гарч байгаа хилийн зөрчил улам нарийн зохион байгуулалтад орж, техникжиж байна. Өндөр хурдтай радио станцууд ашиглаж байна. Машин техник ашиглаж байна. Гэтэл хилийнхэнд тэднийг илрүүлэх таслан зогсооход тэд нарийнхаас илүү техник хэрэгсэл мэргэжилтэн хэрэг болж байна. Тиймээс Хилийнхны хувьд Хил хамгаалалтад ашиглаж байгаа хилийн зөрчлийг таслан зогсооход хэрэглэж байгаа техник улам орчин үеийнх байгаасай гэж бид хүсч байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ