Цахилж яваа гөрөөс
Нэгэн төлөвхөн бүсгүй миний өөдөөс харан сууна. Ойрын хоёр хоногт маникур хийлгэсэн болов уу гэмээр үзэмж гоёмсог хумс, өөгүй толигор арьс, нурууг нь даган сул асгарах үс нь илбэх үед гарыг нь даган намирна. Ягаан өнгийн гурвалжин захтай ноолууран цамц нь цайвар царайг нь улам тодотгожээ. Хүнтэй ярихдаа аядуухан. Үе үе тийм ч чанга биш атлаа цаанаа донжтой тас тас хөхрөх үед танан цагаан шүд нь яралзана.
Яриан дунд
-Би 16 цагаас хойш хоол иддэггүй гэснээ нэгийг санав бололтой менежертээ “Миний салатыг авчраад өгөөрэй” гэж нам дуугаар сануулав. Өдөрт “Омега 3” витамин ууж, фитнессд ихэд
хорхойсон бие галбираа хадгалж байгаагаа нууж хаалгүй хуваалцах нь намайг ихэд дотночлон үзсэн хэрэг болов уу гэж бодогдох. Ямартай ч амнаас нь алт уначих гэж байгаа мэт “амьсгаатай” ярьдаг хүн биш байх нь.
Миний болон уншигчдын эчнээ танил дуучин Г.Эрдэнэтунгалагтай уулзсан эхний 20 минутын анхны сэтгэгдэл ийм байлаа.
Одоогоос хэдэн жилийн өмнө санагдана. Налгар намрын өдөр юмсан. Үй зайгүй үерхсэн найз маань намар болохоор л хайр, дурлалтай учраад сайхан байдаг талаар зогсоо зайгүй шулганадаг тэр дурлалын мөчлөгийн үед би гэдэг хүн толгойгоо ганзагалан явж байв аа. Амьдралд ховорхон тохиох хайр гэдэг тэр зүйлийн үзүүрээс атгаж аваад алдсан хорь гаруйхан насны сэтгэлийн тамлан. Яг тэр үед дуучин Г.Эрдэнэтунгалагийн “Дуулж л явахаас даа” дууг санаандгүй сонсов. Нулимс цийлэгнэж, бас ч үгүй таван үг холбодог хүн гэсэндээ шүлэг тэрлэж үзэж байна. Дахин дахин сонсоод байвал юм юм бодогдох шинжтэй. Хэвлэлийн салбарт тоос хөдөлгөж яваагийнх Г.Эрдэнэтунгалаг нөхрөөсөө нялх биетэй байхдаа салсны дараахан энэ дууг дуулсныг олж сонссон билээ.
... Зээрийн сүрэг шиг хулжихыг чинь мэдсэнгүй
Зэрэглээт талдаа дуулж л явахаас даа гэх захиас ч юм шиг тангараг ч юм шиг мөрийг би сэтгэлдээ сийлэв. Үнэхээр ч тэрнээс хойш ёстой өөрөө зээр шиг жирвэлзэж, зэрэглээт талд яваа мэт, тэр хүн өөрөө зэрэглээ байсан мэт цаг хугацааны шалгуурт замхарч дээ. Сэтгэлд нэгэн аялгууг, нэгэн мэдрэмжийг, нэгэн үгийг тодоос тод сийлж өгсөн дуучин бүсгүйтэй уулзахын өмнө харин тэр дууг дахин сонсов. Сэтгэл нэг л тайван, гэхдээ чивчирсэн утсыг зөөлөн зөөлөн угзрах мэт танил мэдрэмж байсаар л байна. Сонин юм шүү, хайр гэж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ