Монголчуудыг залилсан хятад иргэнийг баривчилжээ

Монголд олон хүнийг залилсан хэргээр Интерполоор эрэн сурвалжилж байсан Хятадын иргэн Чжан Сяокунийг ОХУ-ын Екатеринбург хотын Кольцово нисэх буудлаас баривчилжээ.

Манай улсын цагдаагийн байгууллага залилагч этгээдийг эрэн хайж байсан бөгөөд түүний талаарх мэдээллийг авахаар Хятадын цагдаагийн байгууллагад хандсан байна. Гэтэл Хятадын цагдаа, хүчний байгууллагынхан ч түүнийг эрэн сурвалжилж байгаагаа мэдэгджээ. Монгол, Хятадын цагдаагийн газраас зугтаж байсан Чжан Сяокунь нь архаг луйварчин аж.

ОХУ-ын цагдаагийн газраас “Монгол Улсын хүсэлтээр Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтнийг Екатеринбург хотод ирэнгүүт нь баривчиллаа. Түүнийг Монголын талд шилжүүлэх асуудлыг ойрын хугацаанд шийднэ” хэмээн мэдэгджээ.

Чжан Сяокунь нь 2010 онд Монголд анх ирж, ардын эмнэлэг байгуулах нэрийдлээр олон хүнээс хөрөнгө оруулалт нэрийн дор их хэмжээний мөнгө залилаад оргон зайлсан байна. Одоогийн байдлаар монгол иргэдэд 945 мянган ам долларын хохирол учруулаад байгааг урьдчилан тогтоожээ.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ