Н.Алтанхуяг Н.Энхбаяртай нууц гэрээ байгууллаа

“Мөнхийн нөхөрлөл гэж үгүй. Зөвхөн мөнхийн эрх ашиг бий” гэж Уинстон Черчил юутай үнэн хэлээ вэ. Нөгөөх чинь цаадахтай чинь очоод нийлчихжээ. Нөгөөх гэдэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, цаадах гэдэг нь мэдээж хэрэг экс Н.Энхбаяр. Хүмүүсийг эрх ашиг, бүр тодруулбал зовлон нэгтгэдэг. Авлигын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаяр харьд одоод багагүй хугацааг өнгөрөөж буй. Тэрээр Буддын шашны хуврагуудтай уулзан орчуулга хийж байгаа мэтээр өөрийгөө цахим ертөнцөөр сурталталдаж байгаа. Үнэн хэрэг дээрээ ял завших оролдлого хийж байгаа гэж эх сурвалж баталж байна.
Н.Энхбаяр үе үехэн Хятад руу ирж визээ сунгуулах, намынхаа гишүүдийг дуудаж чиглэл өгөх зэргээр хилийн чанадаас улс төр хийж байгаа. Яагаад эх орондоо ирэхгүй байгаагийн шалтгаан нь эрүүл мэндээс бус мөнөөх л авлигын асуудлаас болж байгаа гэнэ. Чоно группийн эзэн Энхболдсодон нэг хэсэг хоригдсоныг хэн хүнгүй мэднэ. Түүний босгосон гэх хуушууран барилгын 25 хувь нь Н.Энхбаярын хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн гэдгийг улайсан байна.
Энэ их мөнгө хаанаас гарав? Түүгээр ч үл барам Н.Энхбаярын гэгдэх хэргийг лавшруулан шалгасны эцэст Сингапурт 4 сая долларын оффис эзэмшдэг гэдгийг ч олж тогтоожээ. Харамсалтай нь далайн тээврийн асуудал хариуцах ажлыг давхар хийж байсан дүү Н.Энхтуяа оргон зайлаад сураггүй байгаа. Н.Энхбаяр уг үл хөдлөх хөрөнгөөнэг, гурван сая доллараар салгаж эзэмшдэг аж.
Нэгэн үе Н.Энхбаярын гурван хаус АНУ-д бийг хэвлэлүүд баримттайгаар нотолж байсан. Ер нь энэ хэргийг прокурор, АТГ-аас шалгасны эцэст Н.Энхбаярыг 100 сая доллар зувчуулсан гэдгийг нотолжээ. Тийм ч учраас сайн эр хилийн чанадаас үзэж тарахаар шийдсэн бололтой.
Гэтэл энд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч түүний замаар оров бололтой. Хэдэн жилийн тэртээ Н.Алтанхуягийн толгойлдог “Алтан гадас” фракцынхан Н.Энхбаярт очиж сөгддөг байсан. Цаг наашлахын хэрээр тэд сульдан доройтож буй Н.Энхбаярыг хаясан ч хамтарсан Засгийн газрын үед эргээд л үнэд оров бололтой. Нэгдүгээрт, Засгийн газрын тогтвортой байдал, нөгөө талд гашуун зовлон нь эргээд нэгдэх хөрс суурь нь болж өгчээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин АТГ-т шалгагдаж, ахлах зөвлөх Л.Гансүх нь хоригдох дээрээ тулсан нь зовлонг нь нэгтгэж өгчээ. Асуудал ихээхэн ойлгомжтой байгаа биз.
Н.Алтанхуяг Н.Энхбаяр хоёрын нөхөрлөл Х.Тэмүүжинг огцруулах асуудал дээр өрнөлөө. Яг л дэлхийн хоёрдугаар дайны үед холбоотнууд Нормандад буусан шиг. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаа илэрхийлж эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн чичирч байсан. Гэвч асуудал яаж эргэснийг та бүхэн мэднэ.
Үнэндээ энэ асуудал их эзний даалгавар байлаа. Н.Алтанхуяг Н.Энхбаяртай ярьжээ. О.Баасанхүү Сөүлд дуудагдав. Эзэн лүндэгнэв. Үүнийг нотлох амархан. О.Баасанхүү Инчоны нисэх буудал дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, МАХН-ын генсек Шийлэгдамба хоёртой тааралдаад “Тэмүүжинг огцруулах өргөдлөө татахаар боллоо. Энхбаяр дарга үүрэг өглөө” хэмээн ярьсан байдаг. Би бүхнийг баримттайгаар өгүүлж байна шүү!
О.Баасанхүү онгоцноос буунгуут Н.Алтанхуяг дээр очиж өргөдлөө татах болсон тухайгаа хэлэхэд Ерөнхий сайд инээмсэглэж байсан гэдэг. Юу болсныг бүгд мэдэхээс хойно бичихээс ч ичмээр юм даа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүний дараагаар Х.Тэмүүжинг дуудаж “Женко, Билэгт хоёр чамайг алах шахлаа шүү. Би л нэр нүүрээ барж байж чамайг аварлаа шүү” гэж хэлсэн нь өнөөдөр нууц биш болжээ. Н.Алтанхуяг тэдний эсрэг Х.Тэмүүжинг нохойд барих мод болгохоо мартсангүй.
Хамгийн ноцтой асуудлыг одоо өгүүлэх гэж байна. Шударга нь дэндсэн Н.Алтанхуяг Н.Энхбаяр ахтайгаа томоохон гэрээ байгуулжээ. Учир юун гэвээс 2016, 2017, 2020, 2021 оны УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамтран оролцох албан бус гэрээг хийсэн гэнээ. Үүнд хэр баргийн хүн үнэмшихгүй байх. Гэхдээ л УИХ-ын гишүүн Цолмон, О.Баасанхүү нар хэвлэлээр баталсан ярилцлага өгснийг та бүхэн санаж байгаа бизээ. Асуудал бүүр төвөгтэй болж байна.
Н.Энхбаяр Н.Алтанхуяг. МАХН+Алтангадас фракц=Монгол Улс. Тэд ойрын үеийн ирээдүйг ийн төсөөлж байна. Үүнд Монгол хүн та бэлэн үү. Үгүй ээ. Хэнээр удирдуулахаа, хаана хүрэхээ, хэрхэн хөгжихөө ард түмэн мэддэг үндсэн хуультай бус уу. Н.Алтанхуяг шингэн шингэн дуугарч хөгжлийн 100 хоногоор цаг хожих гэж оролдож байна. Энэ хооронд бид улам бүр ядуурах уу, аль эсвэл тэдэнд ташуур өгч зөв гольдролд нь оруулах уу гэдгийг шийдэх эгзэгтэй цаг ирсэн учраас үүнийг бичиглэлээ.
Д.Цанлиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ