Долоон буудлын эцсийн зогсоолыг шилжүүлэх ажил эхэллээ

Зуслангийн улирал эхлэж байгаатай холбогдуулан авто замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 7 буудал орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргасан билээ.Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Авто замын газраас "Наранбулаг Хан" ХХК-тай гэрээ байгуулж, "Зунжин" худалдааны төвийн баруун талбайд 3150 м.кв талбай бүхий автобусны эцсийн зогсоол, чиглэлийн автобус зогсоод хөдлөх дундын 2 зогсоол, 4 хэсэгт хүлээлгийн зогсоол буюу явган хүний 3 м өргөнтэй, 130 м урттай зам барих ажлыг эхлүүлээд байна. Ирэх 7 дугаар сарын 01-нд зогсоолыг иж бүрэн хүлээлгэн өгөх гэрээтэй бөгөөд төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр зорьж байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил 50 хувьтай байгаа юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ