Хил орчмын бүс нутгийг ой хээрийн түймрээс хамгаалах асуудлаар зөвлөлдөж байна

Монгол Улс, ОХУ-ын Ойн аж ахуйн салбарын хамтын ажиллагааны зөвлөлдөх II уулзалт энэ сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга, ОХУ-ын Холбооны ойн агентлагийн орлогч дарга Панфилов Александр Викторович тэргүүтэй 2 талын төлөөлөгчид оролцож байна.
Уулзалтын эхний өдөр хил дагуух бүс нутгийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар ярилцав. Мөн хил дамнан гарч буй ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх менежментийг боловсронгуй болгох, түймрийн статистик мэдээ, хохирол тооцох нэгдсэн үзүүлэлт, аргачлалыг боловсруулах, тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах талаар нэгдсэн тохиролцоонд хүрсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр ойн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах, энэ чиглэлээр ОХУ-д суралцах монгол оюутны квотын тоог нэмэгдүүлэх саналыг дэмжиж, шийдвэрлэх боломжтой гэдгээ ОХУ-ын талаас мэдэгдсэн байна. Монгол Улс, ОХУ-ын Ойн аж ахуйн салбарын хамтын ажиллагааны зөвлөлдөх II уулзалт хоёр дахь өдрөө Кемпински зочид буудалд үргэлжилж байна.
Эх сурвалж: БОНХЯ, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Хэвлэлд бэлтгэсэн:БОНХЯ, Хэвлэл мэдээллийн алба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ