Хоёр өөр толгойд нэг малгай өмсгөв

Хоосон буунаас хорин хүн айна гэсэн ардын үг бий. Тэгвэл Монголын өнөөгийн нийгэмд хамгийн хүчтэй зэвсэг бол цаасан буу болов. Яагаад гэвэл ялаа, дарга хоёрыг сониноор алж болно гэдэг шиг. Нэгэн улстөрчийн хэлснээр шоронжсон Монголд шоронгийн тухай л хэвлэлүүд ихэд шуугих болж. Тэндхийн босго давсан хэн бүхний гэм буруутайг шүүхээр тогтоогоогүй байтал дорхноо хэрэгтэн болгож дөнгөнө. Хар гэрийн хаалга татсан хэнбугай ч хар нэртэй хоцордог боллоо.

Гэтэл зөв, буруугаа дэнслүүлж амжаагүй ГТХЭГ-ын дарга агсан Д.Амарсайхан шоронгийн хүйтэн чулуун шалан дээр амьсгал хурааж, түүний анд найз нь харууслын шүлэгтээ “Яр шархандаа баригдсан нийгмийг яллаад явчихлаа анд минь” гэсэн нь зүгээр нэг харууссан хэрэг яавч биш. Шүлгийн зохиогч мөн л долоон сар гаруй гурван шорон дамжин хоригдож буй “Тэнгри холдинг”-ийн ерөнхийлөгч Х.Анхбаяр. Гэтэл нэгэн бичээч цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхины хэрэгт сэжигтнээр хоригдож байгаа Г.Сарангэрэл охинтой түүнийг адилтган хөөрхийлж бичсэн байх юм. Хоёулангийнх нь шүүх хурлыг яаравчлан хийхээр шавдуулж байгаа.

Түүнээс биш 19-хөн настай Г.Сарангэрэл бол мансуурах бодис хэрэглэсэн гэх хэргээс үүдэн Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар ялд унаж магадгүй байгаа охин. Харин хар тамхи хэмээх хар нэрийн дор мансууруулах бодисын хамгийн хямд, химийн аргаар гарган авч, хүний биеийг шууд хордуулж үхжилт үүсгэдэг мөс хэлбэрийн бодис хэрэглэсэн эсэхийг шээс, цусны шинжилгээгээр тогтоодог. Үүнийг хэрэглэсэн бол шээс, цусанд дор хаяж зургаан сар хадгалагддаг байна. Иймэрхүү бодист нэгэнт донтсон бол түүнийгээ олж авахын тулд хөнгөн хялбар аргаар мөнгө олохоос буцдаггүй нь амьдрал дээр олонтаа тохиолддог нь нууц биш.

Харин Х.Анхбаяр бол Монголын нийгэмд хийсэн юмтай, хэлэх үгтэй бизнесмен залуу. Германд 20 гаруй жил амьдрахдаа үл хөдлөх хөрөнгийн борлуулатын компанид ажиллаж байсан. “Тэнгри холдинг” дэл­хийд нэр хүндтэй “First Reserve Corporation”,” Connect Resource Services” компаниас хөрөнгө босгож, Монголын уул уур­хайн салбарт стратегийн түншлэлийн гэрээ байгуулан амжилттай ажил­лаж байгаа. Аялал жуулчлал, зочид буудлын салбарт ч гадаадын хөрөнгө оруулалтыг чамлахааргүй татаж чадсаны нэгээхэн жишээ бол “Эдэлвайс” зочид буудал.

“Монголиан Пет­ролеум Корпорэйшн” нь тус холдингийн охин компани бөгөөд газрын тос болон байгалийн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “Нью Жуул­чин Констракшн” компанийг үүсгэн байгуулж, 300 айлын орон сууц барьсан. Түүнчлэн “Ричфлюо­­рит” ХХК нь жонш болон кварцийн эрэл хайгуул, ашиглалт, үйлд­­­­­вэр­­­­­лэлийн чиглэлээр жоншны томоохон сав бүхий бүс нутгуудад хайгуулын ажил хийж байна. Х.Анбаярын бизнесийн галт тэрэг аль хэдийнэ хурдаа авчээ.

Гэвч түүнийг авлигын хэрэгт буруутган долоон сар илүү хорьж байна. Сайн мэдэх хүмүүсийн амнаас “Яав ч хий гаргаж, бусдад ашиг­­луулах хүн биш дээ. Олон жил гадаадад амьдар­­­сан учраас биз­нес сэтгэлгээ нь асар их хөгжсөн мундаг залуу. Тийм­­­дээ ч өнөөдөр хэний ч хийж чадаагүй дэлхийн том компаниудаас өөрийн компанидаа өрөнгө оруулалт хийлгэж чадсан нь түүнийг хэн бэ гэдгийг хэлээд өгөхөөс гадна жин­хэнэ мужик” гэх юм билээ.

Харин АТГ-ын хэлтсийн дарга Ө.Энхтөр хэлэхдээ “Түүнийг Эрүүгийн хуулийн 63.2, 166-ийн 1-д зааснаар мөнгө угаасан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн. Х.Анхбаярын үйлдлүүдийг шалгах явцад 3,6 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй нь илэрсэн. Тендерт орохдоо бусдад хахууль өгсөн нь ч тогтоогдсон” гэв.Монгол Улсын Ерөнхий сайд нэгэнтээ АТГ-ын тухайд баялаг бүтээгчдээ битгий оролдоод байгаач ээ гэх маягийн үг чулуудсан билээ.

В.Путин “Юкос”-ын М.Ходорковскийг найман жил торны цаана суулгасан нь галт тэргийг бүрмөсөн зогсоох оролдлого байсан. Хүн төрөлхтний түүхэнд ч эдийн ихээхэн үр ашигтай нээлтүүдийг хүчээр нухчин дарж, хувийн болоод бүлэглэлийнхээ ашиг сонирхлыг хамгаалж байсан нь цөөнгүй.

“Цахилгаан авто машиныг хэн булшлав” хэмээх баримтат кинонд «Женерал моторс» компанийн EV1 хэмээх машины тухай өгүүлдэг. Энэ бол дэлхийд хамгийн олон үйлдвэрлэгдсэн цахилгаан машин юм. Нийт 800 загвар үйлдвэрлэгдсэн бөгөөд 90-ээд оны сүүлчээр GM (Женерал моторс) эдгээрийг түрээсэлжээ. GM компанийн машины аккумуляторын батарей хязгаарлагдмал тул бага зай туулдаг байв. Иймд хэрэглэгчийн хэрэгцээг хангахгүй хэмээн шалтаглан 1999 онд EV1-г үйлдвэрлэх шугамыг хаажээ. Олон хүмүүс GM компани EV1-ийг нефтийн компаниудын шахалтаар хаасан хэмээн үздэг. Сонирхолтой нь GM компани зарсан EV1-ийн бүх загваруудыг нэг бүрчлэн хайж үгүй хийсэн байна.

1921 онд трамвайн цэвэр ашиг миллиард доллар байсан гэдэг. Харин энэ нь «Женерал моторс»-ын хувьд 65 сая доллараа алдсантай адил байжээ. Үүнд хонзогнон GM компани хэдэн зуун трамвайн компанийг худалдан авч үгүй хийн бензинийг үлэмжээр шатаадаг автобус, автомашинуудын зах зээлийг шууд дэмжин ажилласан гэдэг. Харин сүүлийн жилд трамвайг аврах хөдөлгөөн идэвхжиж бaйна. Мөн Никола Тесла 1899 онд цахилгаан станцуудад болон цахилгаан дамжуулах шугамд зориулж шатаадаггүй өвөрмөц түлш бүтээх арга олжээ. Тэрбээр атмосферын дээд давхрагад цахилгаан хэлбэлзлэлийн ионизацийг бүтээснээр «чөлөөт эрчим хүчийг» ашиглаж болно гэсэн санааг дэвшүүлжээ. Тесла-гийн судалгааг санхүүжүүлж байсан Ж.П.Морган ийм юм хийсэндээ жаахан харамсаж байжээ. Учир нь эрчим хүч ингэж хямдхан болбол хэнд ч ашиг авчрахгүй болно хэмээгээд Морган бүх хөрөнгө оруулагчдыг тарааж Теслагийн мөрөөдөл болсон төслийг үгүй хийжээ.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ