О.Баасанхүүгээс 10 тэрбумыг нэхэмжлэнэ


УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхины хэргээр саатуулагдаад буй Г.Сарангэрэл охинтой очиж уулзжээ. Улмаар Г.Сарангэрэлийг сэтгэл санааны дарамтад оруулсан гэж Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг гишүүнээс нь эргүүлэн татах асуудлаар зохих газруудад нь хандаж эхэлжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлтэй уулзахдаа элдэв дарамт үзүүлсэн гэж Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр ярьж байна. Түүний хэлж байгаагаар Баасанхүү Г.Сарангэрэлийг “чи хар тамхи татдаг. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг таньдаг чинь үнэн биз дээ. Үүнийгээ надад бичгээр бичээд өг” гэхчлэн дарамталсан юм байна.
Хуулиараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлтэй очиж уулзах ёсгүйг өмгөөлөгч Батбаяр ярьж байна. Энэ нь шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, хэрэгт нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Тиймээс албан тушаалын давуу байдлаа ашиглаж үйлчлүүлэгчийг нь дарамталсан гэх үндэслэлээр МАХН-ын Ёс зүйн хороонд гомдол гаргаж, намынхаа гишүүн О.Баасанхүүд арга хэмжээ авч, гишүүнээс нь эргүүлэн татуулахаар ханджээ.
Г.Сарангэрэлийн хэрэг Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шилжээд байгаа. Түүнийг ирэх долдугаар сарын эхээр шүүх юм. Гэвч шүүх хурлын шийдвэр гараагүй байхад Г.Сарангэрэлийг хар тамхичин, биеэ үнэлэгч гэж нэр төрийг нь гутаасан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шүүхэд дуудаж, 10 тэрбум төгрөг нэхэмжлэнэ гэдгээ ч өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ