Хойд Солонгосын цэргүүд монголчуудыг зоджээ

Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дэд ахлагч Ц.Лхагва-Очир, М.Нуржал, байлдагч Б.Отгонзаяа, М.Баатаржав, Г.Эрхэмбаяр, Г.Амгалан нар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Номин констракшн” ХХК-ийн барилга дээр ажиллаж байхдаа өнгөрөгч тавдугаар сарын 02-ны орой Хойд Солонгосын цэргүүдэд зодуулан биедээ хүнд гэмтэл авчээ.

Эх сурвалжийн хэлснээр, Хойд солонгосын цэргүүд тухайн өдрийн 01:24-01:47 цагийн хооронд монгол байлдагчдын амарч байсан өрөөний цонхыг хагалан эвдэж, үзүүртэй төмөр, тоосгоор зодож дээрх зургаан цэргийн биед хүндэл гэмтэл учруулсан байна.

Гэмтлийн улмаас23 настай байлдагч Б.Отгонзаяа толгойн орой хэсэгтээ 2:0:5 см зүсэгдсэн шархтай, 19 настай байлдагч Г.Амгалан бүсэлхий нурууны баруун талаар 7 см, 4 см зулгарсан шархтай, тархины гэмтэлтэй, 20 настай байлдагч М.Баатаржав толгойн зүүн оройн хэсэгт 4:0,5 см шархтай, 21 настай байлдагч Г.Эрхэмбаяр толгойн зүүн оройн хэсэгт 6:1 см зүсэгдсэн 6 оёдол тавиулжээ.

Зодуулсны улмаас гэмтсэн цэргийн өгсөн мэдүүлэгт дурдснаар “Эрдэнэт орчлон” ХХК-ийн камерт Хойд Солонгосчууд тэр орой биднийг бүлэглэн зодсон бичлэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёр офицерт бий, “Номин констракшн”-ы гүйцэтгэгч компани болох “Эрдэнэт-Орчлон” ХХК-ийн захирал н.Султан хугацаат цэргийн алба хаагчдыг бусдад төмөр, мод, тоосгоор зодуулсныг мэдсэн хэр нь тав хоног нуун дарагдуулсан.

Гэмтсэн байлдагч нарыг хувийн эмнэлэгт үзүүлэн оёдол тавиулж, ар гэртээ хэлж болохгүй хэмээн дарамт үзүүлсэн” гэжээ.

Хэрэг явдал гарсны дараа тус ангийн МББ-ны захирагч хошууч, н.Баттүвшин “Эрдэнэт орчлон” компанийн захиралтай уулзаж гэмтсэн цэргүүдийг автобусаар анги руугаа хүргэжээ. Гэтэл гэмтсэн цэргүүдийг хүлээн авсан ангийн жижүүр хошууч н.Бодьхүү, туслах ахлах дэслэгч н.Сүхбаатар нар уг хэргийг нуун дарагдуулсан аж.

Баттай эх сурвалжийн хэлж буйгаар 016 дугаар ангийн захирагч, бргиадын генерал н.Онцгойбаяр нь удаа дараа хууль бусаар цэргүүдийг барилгын компаниудад ажиллуулж мөнгийг завшдаг байсан аж.

Тухайлбал дээрх гэмтсэн цэргүүд өнгөрөгч хоёрдугаар сараас хойш “Номин констакшн”-ы барилга дээр ажиллажээ. Уг хууль бус үйлдлийг мэдсээр байж ЗХЖШ-аас тодорхой арга хэмжээ авахгүйгээр барахгүй нуун дарагдуулахаар зэхэж байна. Уг хэрэг явдлын дэлгэрэнгүй сурвалжлагыг “Содон” иргэдийн эрх зүйн сэтгүүл нийтэлнэ.

Сэтгүүлч Н.Түвшинжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ