Сү.Батболдын үед 150 цэцэрлэг барих мөнгө зувчуулжээ

Өөрөөр тооцвол, төрөх эмнэлэг 80, ядаж л 50 гаруй сургууль барьчих хөрөнгө үрэн таран болжээ. Тухайн үеийн ханшаар шүү. Сү.Батболдын Засгийн газрын үед гарсан, санаанд багтамгүй, “Ээ, халаг гээд” ч багадах эл хэргийг тоймлоё. Манай томчууд улсын хөрөнгийг гадныхантай хуйвалдан хайр, найргүй цохидгийн тод жишээ гэхэд хилсдэхгүй байх. УИХ дахь Байгаль орчин, хүнс, ХАА-н байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг мэдээллээр хангах МХЕГ-ын даргын 2009 оны нэгэн удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар “Бороогоулд” компанийн нэр дээр “Ундрам сэд” компаниас шилжүүлэн авсан Их Даширийн хойд жалгын болон Ар хийгээд Нэргүйн хөндийналтны шороон ордуудын тусгай зөвшөөрлийг АМГТХЭГ-ын даргын шийдвэрээр хүчингүй болгов гэсэн сонирхолтой гэхээсээ эмгэнэлтэй нэгэн акт олдов. Үүнийг газар дээр нь магадлах зорилгоор АМГ-ын ГУУК-ийн итгэмжлэгдсэн маркшейдер, ШУТИС-ийн геодези, маркшейдрийн багийн тэргүүн, доктор, профессор Ж.Алтанцэцэг, Монгол Улсын геодези, зураг зүйн зөвлөх А.Дамдинсүрэн нар мөн оны зун дээрх ордуудын нөөцийн блокуудыг тусгайд нь тэмдэглэж, зураглал үйлджээ. Тэгэхэд, Их Даширийн үндсэн блокууд хэд хэдэн овоолго, засварын газар, эмнэлгийн орчин, нөхөн сэргээсэн хэсэг, олборлолт явуулсан цэгүүд дор байрлаж байжээ. Нэргүйн хөндийн алтны шороон ордын хэд хэдэн блок хөрсний овоолго, тариан талбай дор оржээ. Үүнээс үүдээд дараах зөрчлүүд илэрчээ. Улсын ашигт малтмалын нөөцийн комисс Бороогийн алтны ордын нөөцийг 43021 тонн гэснээс “С1-8” блокийнхыг тонн гаруй хэмээжээ. Түүний 758 килограмм орчмыг олборлосон тайлан байна. Харин үлдсэнийг хэрхсэн нь тодорхойгүй ажээ. Тэр талаар огт мэдээлсэнгүй. Ерөнхийдөө тэр хавийн хэдэн блокоос 470 гаруй килограмм алт сох дутжээ. Их Даширийн шороон ордын алтны нөөцийг 4000 килограммаар тооцон олборлосноос 450 килограммыг нь ашиглах боломжгүйд тооцжээ. Тэгтэл тэр нь орддоо бас л алга. Ар хөндийн алтны нөөцийг 72 килограмм гэжээ. Түүнээс тавиад килограммыг нь олборлосон гэх ч, үлдсэн нь мөн л орддоо байдаггүй. Тэр талаар тэмдэглэл ч харагдсангүй. Нэргүйн хөндийн шороон ордын нөөцийг 300-гаад килограмаар тооцон бүртгэжээ. Гэтэл олборлолт хийсэн мэдээ бас л үгүй. Өөрөөр хэлбэл, авах боломжгүй, олборлоогүй гэсэн алтаа аваад зайлжээ. Дэлхийн шилдэг технологи хэрэглэдэг улс соруулаад болсон авчихдаг биз. Тэрийг нь бид мэдэх биш. Тэд үүнээс гадна манай 4000 тонн алтыг ямарч татваргүйгээр гаргачихсаныг бүгд мэднэ. Эдгээр зөрчил нь Монгол Улсын холбогдох олон хууль зөрчсөн дул дараах арга хэмжээ авах болсон байна.

Бороогийн олборлолт хийж асан “C1-8” блокийн нөөцөөс дутсан 500-гаад, Их Даширийн 450, Нэргүйн хөндийн 160, нийт 1075.41 килограмм алтыг улсын орлого болгох. Их Даширийн 370, Ар хөндийн 17, Нэргүйн хөндийн 57 килограмм алтыг улсын нөөцөд нэн даруй бүртгэх. Дээр өгүүлсэн 1075.41 килограмм алтыг тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцсон 52 тэрбум 381 сая 973 мянга 624 төгрөг 40 мөнгөөр үнэлэн улсын төсөвт оруулах. Тэр мөнгийг 2010,01,22-ны дотор төлж барагдуулах хэрэгтэй гэжээ. Энэхүү актыг ГУУХ-ын улсын ахлах байцаагч Ж.Жаргал, БО, ГУУХ-ын улсын ахлах байцаагч Д.Мөнхтамир нар үйлдэн, Бороогоулд компанийн ерөнхийлөгч Жон Казакоффт хаяглан илгээжээ. Хариу ч ирсэнгүй. Түүнээс хойш тэр талаар хэн ч ам ангайсангүй. Ямарч төлбөр, ялбар хийгдсэнгүй. Дээрх алт улсын орлого ч болсонгүй, улсын нөөцөд ч бүртгэгдсэнгүй, өнөө их мөнгө нь төсөвт ч суусангүй. Тэгсхийгээд мартагджээ. Мартагдах ч юу байхав, хав дарчихгүй юу. Дурдагдан буй хэрэгт Сү.Батболдоос илүү тэр цагийн АМХЭГ, МХЕГ-ын удирдлагууд холбоотой нь мэдээж. Тэдний гар, хөл бологсдын халаас, сейф, дансаар дамжин дотоод, гадаадын банкинд шилжээ байлгүй дээ.МХЕГ-ын даргын албан тушаалыг тэгэхэд ноён Ц.Шийрэвдамба, Я.Содбаатар нар сэлгэн хашиж байжээ.Харин АМХЭГ-ын даргаар Д.Батхуяг ажиллаж байсныг өгүүлэх юун. Гар урттай, ганзага нийлсэн нөхөд гэж...

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ