Заавал яллах шалтгаан

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн өчигдөр 22.00 цагийн үед шийдвэрээ гаргалаа. Хурлаар Д.Амарсайхан агсанг авилга авсныг тогтоосон ч нас барсан учир хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин “Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаярыг Д.Амарсайханд авилга өгсөн гэж 3 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Д.Амарсайхан агсанд Х.Анхбаярыг авилга өгөхдөө Д.Амарсайханы туслах Ц.Чандмань, Н.Отгонболд нарыг дамжуулагч, халхавч хийсэн гэж буруутган шүүсэн ч нотлогдоогүй хэмээн тэдний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хурлын шийдвэрийн талаар өмгөөлөгчид “Х.Анхбаяр, Д.Амарсайхан нарыг авилга өгч, авалцахад дамжуулагч, халхавч хийсэн хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон ч Х.Анхбаяр авилга өгсөн нь тогтоогдсон гэж ялласан нь “зохион байгуулалттай” хэргийг шийдвэрлэсэн гэж хардахад хүргэж байна.
Учир нь Д.Амарсайхан агсныг авилга аваагүй гэж үзвэл Д.Амарсайхан агсны нас барсан хэрэгт хуулийнхан өөрсдөө хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл, хэрэг хийгээгүй хүнийг цагдан хорьж, амь насаа алдахад хүргэсэн болно. Тиймээс Д.Амарсайхан агсныг заавал гэм буруутайд тооцно. Тэгэхийн тулд Х.Анхбаярыг авилга өгсөн болгож шүүх шийдвэрээ гаргалаа” гэсэн юм.
Мөн Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам “Энэ удаагийн шүүх хуралдаан Монголын хууль хяналтын байгууллагын үнэн төрхийг илчиллээ гэхэд хилсдэхгүй. Учир нь шүүх энэхүү эд хөрөнгийг хурааж байгаа шийдвэр нь Ц.Чандмань, Н.Отгонболд нар зуучилж, авлигыг нуун далдалсан хэмээн үзэж байгаатай агаар нэгэн адил юм.
Гэтэл шүүх бүрэлдэхүүн ямар үндэслэлээр Ц.Чандмань, Н.Отгонболд нарыг буруугүй хэмээн үзэж, авлига хэмээн тодорхойлоод байгаа байр, гараашийг улсын орлого болгож байгаа нь бүрхэг хэвээр үлдлээ.
Үүнээс Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханыг буруутай хэмээн харуулах гэсэн башир арга хэрэглэж байгаа нь харагдаж байгаа юм. Хэрвээ шүүх бүрэлдэхүүн Д.Амарсайханыг буруугүй хэмээн үзвэл, хууль хяналтын байгууллагаас түүний амийг нэхэх эцэс төгсгөлгүй дайн эхлэх байсан юм. Үүнийг зогсоох ганцхан арга бол түүнийг буруутай хэмээн ямар ч хамаагүй аргаар тогтоох.
Харин түүнийг буруутай хэмээн харуулахын тулд зайлшгүй “Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаярыг яллаж байгаа юм. Анхнаасаа сураг ажиг төдийхнөөр хэрэг үүсгэж, улмаар энэ олон сар мөрдөн байцаалтаас оргон зайлчих байх гэх үндэслэлээр хорьж, цаашлаад цагдан хорих хугацаанд сэжигтэн амь насаа алдчихаад байхад хуулийн байгууллага шалгаж буй үндэслэлээ тодорхой ч тайлбарлаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм” гэх тайлбарыг өглөө.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ