Бразил эхний хожлоо авлаа

Хүн төрөлхтөний их баяр цэнгэл болсон хөлбөмбөгийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсад эхэллээ.

Өнгөрсөн шөнө Улаанбаатарын цагаар 02.00 цагт Сан Паулу цэнгэлдэх хүрээлэнд самба бүжгийн хэмнэл дор нээлтийн ёслол амжилттай болсны дараа талбайн эзэн Бразил болон Хорватын шигшээ багийн тоглолт эхэлсэн юм.

Энэ тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Бразил өрсөлдөгч 1998 оны ДАШТ-ий хүрэл медальт Хорватыг 3:1-ийн харьцаатай хожлоо.

Тоглолтын 11 дэх минутад Хорватын довтлогч Ивица Оличийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Бразилийн хамгаалагч Марсело өөрийн хаалгандаа цохиж автогоол 2014 оны ДАШТ-ий анхны гоол бичигдэн үлдэж байна. Улмаар 29 дэх минутад бразилчуудын итгэл найдвар хамгийн ихээр хүлээлгэж буй Неймар 16 метрийн талбайн гаднаас солгой хөлөөрөө хүчтэй цохиж, тооны харьцааг ч 1:1 болгон тэнцүүлсэн.

Тоглолтын хоёр дахь хагаст Бразилийн довтлогч Фрэд дээр гаргасан алдаанд япон шүүгч Юши Нишимура торгуулийн 11 метрийн цохилт зааж улмаар Неймар амжилттай гүйцэтгэснээр энэ удаагийн ДАШТ-ий гоолын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Ингээд нэмэлт цагт Бразилийн хагас хамгаалагч Оскар дахин нэг гоол оруулснаар тоглолт 3:1-ийн харьцаагаар өндөрлөлөө.

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 00.00 цагаас Мексик болон Камерун, 02.00 цагаас дэлхийн отгон аварга Испани болон ДАШТ-ий хоёр удаагийн мөнгөн медальт Голланд, 05.00 цагаас Чили болон Австралийн шигшээ багийн тоглолтууд тус тус болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ