Аянга зайлуулагч хүн

Олон удаа аянганд цохиулсан хүний хувиар Гиннесийн номонд орох учир тавилантай байсан Рой Кливленд Салливан Америкийн Виржини муж улсад 1912 онд төржээ. Энэ эр аянганд долоон удаа цохиулж, ингэснээрээ “аянга зайлуулагч хүн” гэсэн нэр хоч ч авч байсан.

Рой Салливан 1936 оноос Виржини муж улсын Шенандорын үндэсний паркт мэргэжлийн анчнаар ажиллаж байсан бие сайтай нэгэн байжээ.

Тэр аянгатай борооноос нуугдан модон цамхагт байхдаа 1942 оны дөрөвдүгээр сард анх удаа аянганд цохиулсан байна.

Цамхгийг дөнгөж бариад байсан учир, энд аянга зайлуулагч тавьж амжаагүй байж. Тийнхүү цамхагт аянга бууж, шатжээ. Рой эндээс үсрэн бууж, ганц ч алхаж амжаагүй байхад нь түүний баруун хөл аянганд өртсөн байна. Түүний хөл түлэгдэж, гутлынх нь уланд хоёр нүх гарсан байжээ.

1969 оны долдугаар сард тэр уулын замаар ачааны тэргээр явж байхдаа дахиад л аянганд цохиулсан байна. Тэгэхэд аянга эхлээд замын ойролцоох модонд бууж, дараа нь машины нээлттэй цонхоор орж иржээ. Ингэснээр Салливан ухаан алдаж, аянга түүний хөмсөг, сормуус, үснийх нь ихээхэн хэсгийг шатаасан байна. Энэ зуур машин хадан цохионы эрэгт зогсох хүртлээ цааш явсаар байжээ.

Нэг жилийн дараа гэрийнхээ хашаанд байхад Рой дахин аянганд цохиулсан байна. Эхлээд аянга гэрийн ойролцоох трансформаторт бууж, дараа нь түүний зүүн мөрийг хальт шүргэн, түлжээ. Харин 1972 онд Салливан өөрийн ажилладаг үндэсний парктаа ажлын цагаар дахиад л үйлт явдал тохиолдсон байна.

Энэ үеэр түүний толгойны үс түлэгдэж, тэгээд хүрмээр толгойгоо бүтээн, галыг унтраах гэж оролджээ. Сүүлд нь нойтон алчуураар толгойгоо бүтээн унтараасан байна. Энэ явдлын дараа тэр устай сав байнга авч явдаг болжээ.

Харин дөрөв дэх удаагаа аянганд цохиулсан нь ямар нэг далдын хүч өөрийг нь цаашхаруулах гээд байна гэдэгт Рой итгэх болжээ.

1973 оны наймдугаар сарын 7-нд үндэсний паркийн дэвсгэрт эргүүл хийж явахдаа Салливан аянгын үүл дээр нь хуралдаж байгааг хараад, холдохоор яаран хөдлөжээ. Тэгээд машинаасаа гарахаар шийдэх яг тэр агшинд түүн дээр аянга бууж, дахиад л толгойны үс түлэгдэж, биеийн зүүн талаар дамжин, гутлыг нь сугалсан байна. Ингэсний дараа Рой машиндаа мөлхөж хүрээд, авч явсан савтай усыг өөр дээрээ асгажээ.

1976 оны зургадугаар сарын 5-нд, дараа нь 1977 оны зургадугаар сарын 25-нд дахин аянганд цохиулсан байна. Мань эр загасчилж яваад сүүлчийн удаа аянганд цохиулжээ. Аянга толгойн дээд хэсэгт бууж, үсийг нь шатаан, цээж, гэдсийг нь түлжээ.
Рой Салливан долоон удаа аянганд цохиулсныг Шенандорын үндэсний паркийн сахиул Р.Тейлор Хоскинс гэдэг хүн баримтаар баталгаажуулж, түүнчлэн мань эрийн түлэгдэлтийг эмчилж байсан эмч нар нотложээ.

Рой Салливан өөрийнхөө гэдэс рүү санамсаргүй буудаж олсон шархнаас болж 71 настайдаа (1983 оны есдүгээр сарын 28) нас барсан байна. Зарим мэдээгээр, бүтэлгүй дурлалаас болж ингэсэн гэдэг аж.

Өнөөдөр Нью-Йорк болон Өмнөд Каролина муж улсын Гиннесийн дээд амжилтын музейн танхимд Рой Саллвиваны хоёр бүрх малгай байдаг байна.

Түүний аж төрж байсан Виржини муж улсад жилд дунджаар 35-45 удаа аянга буудаг бөгөөд голдуу зургаа, долоо, наймдугаар сард ингэдэг нь сонин юм. 1959-2000 онд энэ муж улсад 58 хүн аянганд цохиулан нас барж, 240 орчим хүн бэртгэж гэмтсэн ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ