Дэлхийг донсолгосон бөмбөгнүүд

Дэлхийн хөлбөмбөгийн тэмцээн бүрийн бөмбөг өөрийн гэсэн дизайнтай байжээ. 20 удаагийн аварга шалгаруулах тэмцээн дээр бөмбөгний хэлбэр, хэмжээ хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулая.
Анхны ширэн бөмбөг цагаан өнгөтэй байжээ. Ийм бөмбөг хөгжөөн дэмжигчдэд муу харагдаж байснаас болоод 1951 оноос өргөн өнгөт зурвастай бөмбөг, түүнчлэн шаргал өнгийн бөмбөг хэрэглэх болсон байна. Бүр 1872 онд баталсан бөмбөгний албан ёсны хэмжээ, жин 1937 онд хүртэл өөрчлөгдөөгүй юм.
Хэмжээ нь 27-28 дюйм (нэг дюйм нь 2,54 см), жин нь 13-15 унци (нэг унци нь 28.3495231 грамм) байжээ. 1937 оноос бөмбөгний жин 14-15 унци болж нэмэгдэж, харин жин нь өнөөдрийг хүртэл хэвээр байгаа юм.
ХХ зууны дунд үеийг хүртэл бөмбөгийг ширээр хийж, ширэн үдээсээр “оёж” байжээ. Гэхдээ бороо орох үед ийм бөмбөг маш хүндэрдэг байсан учир, 60-аад оны эхээр цэвэр ширэн бөмбөгийг нийлэг материалаар сольсон байна. Тийнхүү бөмбөг илүү бат бөх, хөнгөн болжээ.
Tiento, T-Model (Уругвай, 1930 он)
Уругвай улсад болсон ДАШТ-нд оролцогч багуудын хооронд санал зөрснөөс болоод зохион байгуулагчид багийнханд хоёр өөр бөмбөгөөр тоглохыг зөвшөөрөхөд хүрсэн байна. Эхний үед багууд Аргентины талын танилцуулсан “Tiento” гэсэн нэртэй бөмбөгөөр тоглож, харин завсарлагааны дараа уругвайчууд өөрийн “T-Model” гэдэг бөмбөгийг тоглолтод оруулжээ. Энэ нь илүү том, хүнд бөгөөд 12 зүйдэл хэсэгтэй байсан байна.

Federale 102 (Итали, 1934 он)
1934 онд Италид болсон ДАШТ-ий албан ёсны “Federale 102” бөмбөгийг Ромын ECAS пүүс хийжээ. Бөмбөг 13 олон өнцөгтөөс бүрдэж байсан бөгөөд эдгээрийг хооронд нь гараар чивчиртэл оёж байжээ. Ширэн үдээсний оронд хэрэглэх болсон даавуун үдээс бүхий зүйдэл хэсэг нь энэ бөмбөгний онцлог байсан юм. Үдээсний өмнөх хувилбар нь хөлбөмбөгчдөд багагүй түвэг учруулж, гэмтэл авах шалтгаан байнга болж байжээ.

Allen (Франц, 1938 он)
1938 оны ДАШТ зохион байгуулсан Франц улс өөрийн гэсэн бөмбөг хийжээ. Энэ нь үйлдвэрлэгч компанийн “Allen” гэсэн нэртэй байсан бөгөөд хэлбэр хийцээрээ “Federale 102” бөмбөгтэй адил байсан ч, бөмбөгний зүйдэл хэсгүүдийн зах нь дугуй хэлбэртэй, нэг хэсэг дэх үдээс нь цагаан өнгөтэй байжээ. Бөмбөгийг гараар хийж байсан байна.

Duplo T (Бразил, 1950 он)
Бразилийн ДАШТ-ий «Duplo Т» бөмбөг нь огт үдээсгүй болсноороо өмнөх бөмбгүүдээс эрс ялгаатай байжээ. Бөмбгийг хавхлаг нүхээр нь зүү бүхий насосаар хийлж болдог байжээ. Өмнөх бүх бөмбөгийн адил ширэн бөгөөд гараар хийж, 12 зүйдэл хэсгээс бүрдэж, эдгээр нь илүү махир хэлбэртэй байсан байна. Бразилийн аварга шалгаруулах тэмцээн дээр ФИФА бөмбөгөн дээр компанийн логотип болон үсэг бичихийг анх удаа зөвшөөрсөн ч, дараачийн дөрвөн аварга шалгаруулах тэмцээн дээр ингэхийг зөвшөөрөөгүй байна.

Swiss World Champion (Швейцар, 1954 он)
1954 оноос ФИФА (дэлхийн хөлбөмбөгийн холбоо) бөмбөгний хэмжээ, жин, диаметрийг албан ёсоор зохицуулж эхлэжээ. Базель хотын Kost Sport компанийн хийсэн шаргал өнгийн «Swiss World Champion» бөмбөг 18 зүйдэл хэсэг бүхий анхны бөмбөг байжээ.

Top Star (Швед, 1958 он)
1958 онд Шведэд болсон ДАШТ-ий албан ёсны «Top Star» бөмбөгийг ФИФА-гийн төлөөлөгчид сонгосон байна. Шведийн «Sydsvenska Lдder-och Remfabriken» пүүсийн хийсэн энэ бөмбөг нь 24 зүйдэл хэсгээс бүрдэж, хүрэн, шаргал, цагаан гэсэн гурван өнгөтэй байжээ. ДАШТ-д оролцсон үндэсний баг тус бүр ийм 30 бөмбөг авсан байна.

Crack Top Star (Чили, 1962 он)
«Crack Top Star» бөмбөгийг Чилийн үйлдвэрлэгч Кустодио Замора хийжээ. Энэ нь 18 зүйдэл хэсгээс бүрдсэн шаргал өнгийн бөмбөг байсан юм. Энэ бөмбөг нээлтийн тэмцээний шүүгч Кен Астоны санаанд нэг их таалагдаагүй учир, тэр зохион байгуулагчдыг Европын бөмбөг авахуулаар явуулж, хоёр дахь хэсэгт ийм бөмбөгөөр тогложээ. Чилийн ДАШТ-ий янз бүрийн тоглолтод өөр өөр бөмбөгөөр тоглож байсан бөгөөд учир нь Европын багууд Чилийн бөмбөгөнд итгэдэггүй байжээ.

Challenge 4-star (Англи. 1966 он)
1966 оны аварга шалгаруулах тэмцээний «Challenge 4-star» бөмбөг 25 зүйдэл хэсгээс бүрдэж, шар болон шаргал гэсэн хоёр хувилбараар хийжээ. Бөмбөгийг Британийн «Слезингер» компанид гараар хийсэн байна. Албан ёсны тоглолтууд дээр бөмбөгний реклам байгаагүй ажээ.

Telstar (Мексик, 1970 он)
Мексикийн аварга шалгаруулах тэмцээн дээр “Адидас”-ын бөмбгөөр анх удаа тоглосон юм. Бөмбгийг ширээр хийж, 12 хар таван өнцөгт, 20 цагаан зургаан өнцөгтөөс бүрдэж байжээ. Бөмбөгний «Telstar» гэсэн нэр нь 1962 онд тойрог замд оруулсан америкийн хиймэл дагуулын нэрээс бүрдсэн байна. Үүнээс гадна, бөмбөгийг «Star of Television» (“телевизийн од”) хэмээн хочилж байсан бөгөөд учир нь бөмбөгний дизайн нь хар-цагаан өнгөт ТВ-ийн хувьд сайн тохирч байжээ. Мөн Мексикийн ДАШТ нь телевизээр шууд дамжуулан үзүүлсэн дэлхийн анхны аварга шалгаруулах тэмцээн болсон юм.

Telstar Durlast (Герман, 1974 он)
Германы ДАШТ дээр «Telstar Durlast» гэдэг бөмбөгөөр тоглосон юм. Материал, хийсэн арга техник нь 1970 оны «Telstar» бөмбөгийхтэй адилхан байжээ.

Tango (Аргентин, 1978 он)
1978 оны ДАШТ-д зориулан “Tango” гэдэг бөмбөг хийсэн бөгөөд түүнд 20 гурвалаас бүрдэж, оптикийн хувьд 12 адилхан цагираг дүрс болж харагддаг байсан юм. Бусад бөмбөгтэй харьцуулахад уг бөмбөгний нэг давуу тал нь цаг агаарын нөлөөнд бага өртөх чанар гэж үзэж байсан байна.

Tango Espaсa (Испани, 1982 он)
1982 оны ДАШТ-д зориулан «Tango Espaсa» гэдэг бөмбөг хийсэн юм. Уг бөмбөгийг жинхэнэ шир болон нийлэг материал оролцуулан хийсэн байна. Бөмбөг ус тогтдоггүй тусгай полиуретан бүрээстэй байжээ.

Azteca (Мексик, 1986 он)
Эндхийн аварга шалгаруулах тэмцээн дээр «Azteca» гэдэг бөмбөгөөр тогложээ. Энэ нь цэвэр нийлэг материалаар хийсэн анхны бөмбөг байв. Бөмбөгний гурвалыг ацтекчүүдийн зурагтай адилхан хэлбэрээр зурсан байна.

Etrusco (Итали, 1990 он)
Бөмбөгний нэр болон дизайныг эртний Италийн түүх, этрускчүүдийн дүрслэх урлагт зориулан нэрлэжээ. Этрускчүүдийн арслангийн гурван толгой бөмбөгний дизайнд хэрэглэсэн 20 гурвал тус бүрийг чимэглэж байв. Өмнөх бөмбөгүүдийг бодвол «Etrusco» бөмбөг нь ус тогтдоггүй, элэгдэл бага зэрэг сайжруулсан чанартай байжээ. Энэ нь дотор талын давхаргыг полиуретан хөөсөөр хийсэн анхны бөмбөг юм.

Questra (АНУ, 1994 он)
АНУ-д болсон аварга шалгаруулах тэмцээний бөмбөгийг Францад хийжээ. Түүний «Questra» гэдэг нэр нь од руу тэмүүлэх гэсэн утгыг илэрхийлсэн эртний үгээс гаралтай ажээ. Гурвалуудад одуудыг дүрсэлсэн байна.

Tricolore (Франц, 1998 он)
«Tricolore» нь ДАШТ-ий анхны өнгөт бөмбөг болсон юм. 1970 оноос ДАШТ-ий бөмбөгийг Европт үйлдвэрлэхээ больж, «Tricolore» бөмбөгийг Марокко улсад хийжээ.

Fevernova (Япон, Өмнөд Солонгос, 2002 он)
«Fevernova» бөмбөг нь өмнөх бөмбөгнүүдтэй адилгүй, түүний дизайн нь Азийн уламжлалд суурилсан юм. Бөмбөг нийлэг хөөсний тусгай бүрээстэй байсан бөгөөд энэ нь янз бүрийн үзүүлэлтийг сайжруулахад тус болжээ. «Fevernova» бөмбөгний үзүүлэлтүүд нь ФИФА-гийн стандартаар зөвшөөрөгдсөн жин, хэмжээний хамгийн их утгатай байсны зэрэгцээ, бөмбөгний дотор талын бүтэц маш нимгэн байсан нь өшиглөлтөд ер бусын мэдрэмтхий байжээ. Өшиглөсний дараа бөмбөг аль зүгт чиглэхийг таатахад хэцүү байсан учир, халаагач болон довтлогчдын дунд багагүй маргаан үүсгэж байжээ.

+Teamgeist (Герман, 2006 он)
«+Teamgeist» гэдэг нь багийн сэтгэл санааны байдлыг илэрхийлсэн утгатай байв. Бөмбөгийг гадна талын 14 зүйдэл хэсгээр хийсэн нь залгаасны тоог 60%-иар бөөрүүлж, түүнчилэн цохилтын ончыг сайжируулжээ. Нэрний өмхө + тэмдгийн тухайд гэвэл, teamgeist гэсэн хэллэгийг худалдааны тэмдэгтийн хувиар бие даан хэрэглэж болохгүй байсантай холбогдон ийм тэмдэг тавьсан байна.

Jabulani (ӨАБНУ, 2010 он)
Бөмбөгийг Өмнөд Африкийн хэв маягаар хийсэн бөгөөд харин түүний «Jabulani» гэдэг нэр нь зулус омгийнхны хэлээр “баяр тэмдэглэх” гэсэн утгатай юм. Бөмбөг нь халуун аргаар наах технологиор хооронд нь холбосон гадна талын найман зүйдэл хэсэгтэй байв. Дизайнд 11 өөр өнгө хэрэглэжээ. Эдгээр өнгө нь баг тус бүрийн 11 тоглогч, Өмнөд Африкийн 11 албан ёсны хэл болон Өмнөд Африкийн 11 омгийг бэлгэдсэн юм.

Brazuca (Бразил, 2014 он)
Бразилын ДАШТ-ий бөмбөг нь «Brazuca» гэсэн нэртэй. Энэ үг нь хоёр утгатай. Хилийн чанадад оршин суудаг Бразилын уугуул оршин суугчдыг тодорхойлохын тулд болон үндэсний бахархалын илэрхийлэл болгон хэрэглэгддэг байна. Түүхэнд анх удаа ДАШТ-ий бөмбөгний нэрийг хөгжөөн дэмжигчид сонгожээ. Бөмбөг зургаан зүйдэл хэсэгтэй бөгөөд Бразил улсад зүүдэг хүслийн бугуйвчуудыг бэлгэдсэн гурван өнгийн туузаар чимсэн байна.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ