Хөөрхөн өмгөөлөгч

Өнөөдрийн “Өдрийн сонин” дээр “Өмгөөлөгч Г.Батбаяр: Хууль зөрчсөн, ёс зүйгүй О.Баасанхүүгээ УИХ-аас татаач гэж МАХН-д хандсан” гэсэн бүтэн нүүр шахам ярилцлагыг нэгдүгээр нүүрээс давуулан нийтэлжээ. Өдөр тутмын сонин ингэж нийтлэх нь асуудалд ихэд ач холбогдол өгсөн юм уу, том эрх мэдэлтний захиалга, эсвэл их мөнгөн төлбөртэй материал байдаг. Ямар ч байсан өмгөөлөгч Г.Батбаяр хэмээх “хөнгөн жингийн бөх”-ийн ард ланжгар дасгалжуулагч байж л ийм том дэвжээн дээр тоглодог юм.
Түүний ярилцлага миний үйлчлүүлэгч гэж эхлээд энэхүү нэр томъёог хэдэнтээ хэрэглэсэн нь цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Г.Сарангэрэл охиныг хэлсэн бололтой. Гэвч түүний албан ёсны өмгөөлөгч нь Л.Өлзийхүү юм. Харин Г.Батбаяр гэгч нь хэний зөвшөөрлөөр ч юм бүү мэд уг хаалттай газар нэвтэрч, Г.Сарангэрэлийг өмгөөлөх хүсэлт ч юм уу, шаардлага ч юм уу тавьсныг сургаар бус баримтаар өгүүлье.
Тавдугаар сарын сүүлчээр Г.Батбаяр тус ангид очиж, сэжигтэнтэй уулзаад би чамайг өмгөөлмөөр байна. Цагаатгаж ч чадна гэж хэлэхэд нь би сайн мэдэхгүй, аав ээж маань мэднэ гэжээ. Уг нь хуулийн дагуу сэжигтнээр хоригдож буй хүнтэй өмгөөлөгч нь, эсвэл ар гэрийнхэн нь уулзах эрхтэй байдаг. Харин тэр яаж нэвтэрч чадваа.
Ингээд Г.Батбаяр зургадугаар сарын 2-ны өдөр Бөмбөгөрийн дэргэдэх өрөөндөө Г.Сарангэрэлийн аавыг дуудаж (Ганбаатар гуай дүүтэйгээ хамт очсон) уулзахдаа, таны авсан өмгөөлөгч чинь нөгөө талд ажиллаад байна. Би гүтгэгдсэн нэр төрийг чинь сэргээж, охиныг чинь өмгөөлье хэмээн гуйж гувшихаддүүгийнх нь дургүй хүрч, ахыгаа дагуулаад гарах гэтэл Г.Батбаяр босч ирээд толгой түрүүгүй цохиж зоджээ. Тэгээд дараа нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст, Ганбаатар гэдэг хүн үл таних согтуу хүний хамт орж ирээд намайг зэвсгийн чанартай зүйл хагархай шилэн аягаар зүсч, бүлэглэн зодсон. Тэнд байсан бүх хүн айж орилж, цагдаа дуудсан. Манай компанийн компьютер, процессор, монитор эвдэрсэн хэмээн гомдол гаргасан байх юм.
Гэтэл маргааш нь буюу зургадугаар сарын 3-ны өдөр цагдаагийнхан түүнээс байцаалт авахад, Ганбаатар надтай уулзахаар төрсөн дүүтэйгээ ирэхэд дүү нь согтуу байсан. Тэгэхээр нь гадаа гараад байж бай гэсэн чинь ахаа явъя, наадахь чинь хүний зовлонгоор хожоо хийдэг өмгөөлөгч байна гээд уур амьсгалыг эвгүй болгосон. Би боль гээд түлхсэнийг Ганбаатар хараад зодолдсон гэж бодсон. Бид зууралдсан, нүдээ аньсан учраас хацраа маажуулсан гэж ганцхан өдрийн өмнөбичсэнээсээ 180 градус эргэжээ. Харин Ганбаатар гуай цагдаад мэдүүлэхдээ, Батбаяр намайг мөргөж унагасан, би гомдолтой гэсэн байна.
Ийнхүү дунд нь эрхэм гишүүн О.Баасанхүү хавчуулагдаж, Мэдээ.мн сайт дээр Э.Энх-Эрдэнэ “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана”гэж бичиж, Г.Батбаяр МАХН-ын удирдлагад О.Баасанхүүг УИХ-аас татах тухай асуудал тавьжээ.
Энэхүү эрхэм гишүүний эсрэг PR-ын явцад зохиогчид нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, сэжигтэн Г.Сарангэрэлтэй холбогдсон гэх явдлыг дахин дахин сануулж, хоёулангийнх нь нэр төрийг О.Баасанхүү бузарлаж байна гэх мөртлөө өөрсдөө сөхөж тавиад буй нь нэн өрөвдөлтэй агаад мэдлэг даанч нимгэний харгай. Худал юмыг ч гэсэн мянга давтахад үнэн болдог гэсэн. Дээрх ярилцлагадаа Г.Батбаяр “Нийгэмд энэ охиныг сайдын нууц амраг, биеэ үнэлэгч, хар тамхичин гэдэг ойлголтыг түгээчихсэн” гэж хэлсэн шиг үгийг хэн, хэзээ, хаана хэлсэн юм бэ.
Эрхэм гишүүнтэй уулзах хүсэлтээ цагдан хорих 461 дүгээр ангиас тавдугаар сарын 27-нд Г.Сарангэрэл тавьж, зургадугаар сарын 4-нд О.Баасанхүүд иржээ. Мөн ийм хүсэлтийг генерал Т.Дашдэлэг болон Х.Анхбаяр, А.Чандмань нар ч ирүүлсэн байдаг. УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд ч иймэрхүү санал хүсэлт ирсний дагуу Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийн томилолтоор О.Баасанхүү тус ангид ажиллахдаа Г.Сарангэрэлтэй уулзсаныг хардаж сэжиглэх хүн цөөнгүй байна.
Ялангуяа түүнд бичгээр гаргаж өгсөн санал хүсэлтэд юу гэж дурдсан нь тун бүрхэг буйн адил зарим хүний шүдний өвчин болж байгаа нь үнэн. Харин өөрийгөө топ гэх нь холгүй Г.Батбаярын санаснаар парламентаас нэг гишүүнийг нь хорхой идсэн шүд шиг суга татаад хаячих нь юу бол. Энэ өмгөөлөгч өөрийн гэх итгэл үнэмшил маруухан ч том дэвжээн дээр хөөрхөн тоглох гэж оролдсоор байна. Нэмэр болохгүй бол нэрмээс болохгүй байвал нэмэр болдог.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ