Клинтоны гэр бүлийг татвараас зугтсан гэж сэжиглэжээ

Билл болон Хиллари Клинтон нар өөрсдийн үнэ өртөг ихтэй хөрөнгийг өвийн татвараас нуух гэж оролджээ. Bloomberg агентлаг мягмар гаригт ингэж мэдээллээ. Татварын хэмжээг багасгахын тулд эхнэр, нөхөр хоёр америкийн бусад тэрбумтны адил, санхүүгийн төлөвлөлтийн схемийг ашиглаж байжээ. 2010 онд Клинтоныхон тусгай итгэмжлэгдсэн өмч бий болгосон байна. 2011 онд тэд Нью-Йорк дахь өөрсдийн байшинг өмчлөх эрхийг дээрх тусгай өмчид шилжүүлэн бүртгүүлсэн нь олон зуун мянган доллар “хэмнэхэд” эхнэр, нөхөр хоёрт туслажээ гэж Бостоны хуулийн Holland & Knight компанийн түнш Дэвид Скотт Слоаны хэлснийг иш татан Bloomberg агентлаг мэдээлжээ.

Улс төрийн үйл ажиллагаа явуулж байхдаа Клинтоныхон өөрсдөө АНУ-д хэт баян хүмүүс бий болохоос сэргийлэхийн тулд өвийн татварыг дэмжиж байгаагаа удаан хугацааны туршид илэрхийлж байжээ.

Хиллари Клинтон 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлж болох юм. Хуучин тэргүүн хатагтай өөрийн намтарчилсан “Хэцүү сонголт” гэдэг ном хэвлэгдсэнтэй холбогдуулан зургадугаар сарын 9-нд хэлэхдээ, 2001 онд нөхөр бид хоёр “халаасандаа сохор зоосгүй, харин ч өртэйгээр” Цагаан ордноос явсан юм гэж мэдэгджээ. Чухамхүү тиймээс америкчуудын санхүүгийн бэрхшээлийг би ойлгож байна гэж Х.Клинтон хэлсэн байна.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ