Balcones-ийн туульс

Та дэлхийн хамгийн сайн чанарын амуу тарианы виски олж авахыг хүсч байна уу. Тэгвэл Техасын Waco-д байдаг нэгэн гүүрний доогуур шагайгаад үзээрэй!
Техасын Waco хотын төвөөс 25 милийн зайтай хуучин гүүрний дор эзэнгүй хаягдсан муусайн мухлаг, зэвэнд идэгдсэн төмөр дээвэртэй байшин байдаг. Цагийн сайханд энэ гүүрний баганан дунд маш сайн гагнуур хийдэг нэгэн газар байж. Харин гүүрний хажуугаар эдгээрийг огт тоосон шинжгүй өнгөрч яваа хүмүүс энд Balcones Distilling-ийн төв буюу Америкийн хамгийн сайн чанарын виски үйлдвэрлэдэг газрыг дайран гарч буйгаа огтхон ч анзаардаггүй. Гар хийцийн хоёр том зэсэн нэрэх төхөөрөмжийн дунд зогсож байгаа намхан нуруутай тагдгар эрийг Чип Тате гэдэг. Тэр алдарт “Balcones” брэндийн вискиний загалмайлсан эцэг юм. Өөрийн гараар хийсэн вискигээрээ маш их бахархдаг, түүнийгээ өтгөн хар сахлаа үе үе имэрч илэрхийлнэ. Тате модон торхон дахь вискинээс шилэн гуурсаар соруулан амталгааны шилэн аяганд хийв. Энэ нь бүрэн исэлдэж амжаагүй Texas Single Malt Whisky буюу түүнийг анх олонд таниулсан виски ажээ.
Balcones 2012 оны шилдэг нэрэгч гэсэн шагналыг хүртсэнээр олонд илүү танигдсан. Мөн Их Британийн жил бүрийн шилдэг шинэ виски шалгаруулдаг тэмцээний нэгдүгээр байранд орсон нь энэ брэндийн нэр хүндийг ёстой мандуулж өгчээ. Balcones-ийн хувьд хуучны аварга брэнд болох Жонни Уалкер, Макаллан, Балвени нартай ач тач үзэлцэн гарч ирж чадсан Америкийн анхны дэлхийн дэвжээнээс хамгийн том шагналуудыг нь түүсэн виски үйлдвэрлэгч компани юм. Ер нь Waco хотын хэнд ч танигдаагүй нэг муу жижигхэн компани ямар ид шидээр зургаахан жилийн дотор дэлхийн брэнд болж чадваа. Balcones-ын амжилтын нууцын гол нь америкчууд уламжлалт гар аргаар хийсэн юманд ухаангүй дурладагтай холбоотой. Арав гаруйхан жилийн өмнө Америк даяар 68-хан нэрэгч компани байсан бол одоо муж бүрт дор хаяж нэг буюу нийтдээ 623 компани ажиллаж байна.
Вискиний зах зээл бол маш өрсөлдөөнтэй. Гэвч Balcones байр сууриа хэдийнэ эзэлж, хөл дээрээ гуйвахгүй зогсож бүрэн чаджээ. Тате бол Техасаас төрсөн анхны брэндийн эзэн. Тэр багаасаа есөн шидийн юмыг хооронд нь хольж хутгах дуртай байлаа. Хүүхэд насаа Виржиниа мужид өнгөрөөж, янз бүрийн дэлбэлэгч галт бөмбөлөг, лонхон пуужин гэх мэтийг хийдэг байсан ч мужийнхаа Ричмондын Их сургуулийг шашны номлогчоор төгссөн нь гайхалтай. Сургуулиа төгссөний дараа талх барих, юм нэрэх гэсэн хоёрхон л ажил хийдэг байж. Тэр үеэ дурсахдаа, би ерөнхийдөө лам байсан даа гэдэг.
2007 онд Тате христийн шашинт Байлорын Их сургуулийн сургалтын албанд ажиллаж байхдаа хүртэл өөрийн гэсэн нэрэгч төхөөрөмжтэй болохыг мөрөөдөж, нэг л өдөр сургуулийнхаа зааны ясан цамхгийг орхин оджээ. Тэгээд “Вискиний Технологи, Үйлдвэрлэл, Маркетинг” гэсэн ном түүний библийг орлож, Waco дахь гэртээ сарны саруулд анхны нэрэх оролдлогоо хийхийг нь харсан саран авхай чи энэ бүхнийг хийж чаднаа гэж хэлсэн хэмээн ёжтойхон өгүүлдэг. Том брэндүүдийн арга туршлагын тухай хоёр дахь библи нь Balcones-ийн суурийг тавьсан гэж болно. Тэр Техасыг дундуур нь хуваадаг тунгалаг уст хавцлын нэрээр Balcones-ийг нэрлэсэн нь учиртай. Анх компаниа байгуулахдаа 100 мянган долларын хөрөнгө босгож, найз нь гүүрэн дорхи мөнөөх жижигхэн байшинг олж өгчээ.
Balcones-ийн хувьд хуучны аварга брэнд болох Жонни Уалкер, Макаллан, Балвени нартай ач тач үзэлцэн гарч ирж чадсан Америкийн анхны дэлхийн дэвжээнээс хамгийн том шагналуудыг нь түүсэн виски үйлдвэрлэгч компани юм.
Алдарт брэнд анх мэндлэхээсээ өмнө, урьд оройны хоолны ширээн дээр байсан элсэн чихрийн сүмс, зөгийн бал, инжир жимс зэргийг хольж, Rumble вискиг яг л ийм найрлагатайгаар исгэжээ. Түүнд амташсан анхны үйлчлүүлэгчид коньяк шиг энэхүү ром дарсыг ихэд үнэлж байлаа. Rumble виски нь Baby Blue гэсэн өвөрмөц вискиний хамтаар гарч ирсэн. Baby Blue цэнхэр эрдэнэшишийн найрлагатай ба чангаанз, чихэрлэг цай, утсан чинжүү, бүр гайхалтай нь хөвөн чихрийн амт агуулснаараа онцлогтой. Balcones мөн өөр төрлийн цэнхэр эрдэнэшишээр хийдэг Brimstone гэдэг виски гаргасан ба тэр нь найрлагандаа Техасын царс мод агуулсан, өвөрмөц утлага бүхий амттай юм. Тате үргэлж л тэсвэр тэвчээртэй шотланд хүн гэсэн тодотголтой байсаар ирсэн, тиймдээ ч вискигээ зах зээл дээр гаргатлаа тэвчээртэй ажиллаж чадсан. Balcones-ийн нэрийн виски хийхдээ шотландмаягаар бэлдсэн арвайгаар хэрэглэхээ болиод бараг дөч гаруй жил болсон аргыг ашиглан, америк,франц маягаар модон торхонд хийн хадгалжээ (Миссури мужид зэс торхонд хийдэг). Тэгээд эцсийн бүтээгдэхүүнийхээ найрлагад чавга,ваниль, болон лийрийг хийж өгснөөр гойд сайхан амттай болов. Энэ гайхалтай найрлагатай виски Balcones-д олон улсын нэр хүндтэй шагналуудыг ар араасаа дагуулах боломжийг нээн өгч, өнгөрсөн жил Whisky Magazine’s Craft Distiller сэтгүүлээс шалгаруулдаг оны шилдэг виски, цаашлаад Лондонгийн Wizard of Whisky тэмцээнээс дэлхийн шилдэг бүтээгдэхүүн болсон. Тухайн жилийнхээ Америкийн хамгийн шилдэг вискиний титмийг ч хамж орхив. Эрэлт хэрэгцээ ч эмх замбараагаа алдаж, өнгөрсөн онд гэхэд 5000 хайрцаг виски үйлдвэрлэж (oдоогийх нь 12,500-ийн багтаамжтай ) нэг саяынорлого олсон байна. Balcones-ийн нэг шил виски ойролцоогоор 60-70 долларын үнэтэй.
Balcones-ын амжилтын нууцын гол нь америкчүүд уламжлалт гар аргаар хийсэн юманд ухаангүй дурладагтай холбоотой.
Тате илүү томоор сэтгэж,компаниа өргөжүүлэхийг хүсч байна уу гэсэн асуултад “Иймэрхүү асуудалтай тулгарах нь аятайхан, гэхдээ энэ нь үнэхээр том асуудал юм даа” хэмээн үйлдвэрээсээ холгүйхэн байгаа зургаан давхар барилгыг заав. Balcones дараа жил хоёр шинэ нэрэгч үйлдвэр оруулж ирснээр үйлдвэрлэлээ 100 мянган хайрцгаар нэмэгдүүлэх боломжтой. Үүүнтэй холбоотой борлуулалт ихэснэ гэж тооцоолбол ашиг нь 20 сая давах юм. Тате бизнесийн хонгилын үзүүрт харагдах гэрэл руу чадан ядан явж байхдаа Balcones-ийг харьцангүй жижиг мөртлөө бие даасан байхад голлон анхаардаг байлаа.
Гэхдээ Balcones бие даасан байдлаа алдахгүй байхыг хүсвэл дистрибютор нартайгаа зэрэг өсөх явдал. Өнөөдөр 20 гаруй мужид дистрибютортой бөгөөд Их Британи, Норвег, Швед, Япон, Австрали зэрэг улсад ажиллаж байна. Тате удахгүй Канад, Франц, Солонгосыг нэмэхээр тооцоолжээ. Тэрээр Америкийн конъякны уламжлалыг бүрэнсудлагдаагүй гэж үздэг бөгөөд хөх тарианы үрийг машид шохоорхож, заавал нэг юм хийнэ дээ гэв.Хэн ч хэзээ ч дандаа л хуучин гүүрэн дор байдаг аварга биет байхыг хүсэхгүй шүү дээ.
Эх сурвалж: “Forbes Mongolia” сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ