93 дугаар сургуулийн захирал Т.Энхтүвшинг солихыг шаардлаа

“Гоц авьяастай хүүхдийн сургууль” буюу 93 дугаар сургуулийн багш ажилчид мэдээлэл хийлээ. Тэд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж буй Т.Энхтүвшин бага ангийн сурагчийг зодсон, багш ажилчидтай ёс зүйгүй харьцдаг учир хурдан сольж өгөхийг хүсэн ийнхүү мэдээлэл хийсэн юм.

Багш ажилчдын мэдээлж байгаагаар Т.Энхтүвшин нь сонгон шалгаруулалтад оролгүй энэхүү сургуульд томилогдон ирсэн байна. Томилгоог Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хийжээ. Т.Энхтүвшин нь ажиллах хугацаандаа сургуулийн дотоод журмыг зөрчсөн олон ноцтой алдаа гаргасан. Тиймээс холбогдох газруудад нь санал шаардлага хүргүүлсэн ч хариу өгөлгүй жилийн хугацаа өнгөрсөн гэж тус сургуулийн багш нар ярьсан юм.

Мөн захирал Энхтүвшин бага насны хүүхэд зодсон хэрэгт холбогдоод байгаа. Тэрээр өөрийн хүүхдийг өмөөрч, хүүхэдтэй нь хамт сурдаг бага ангийг сурагчийг зодсон гэж тухайн сурагчийн ангийн багш Сарантуяа ярьсан юм. Энхтүвшингийн энэхүү үйлдэл нь тус сургуулийн камерт бичигдэн үлдсэн байна.

Мөн хуулиндаа захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй хүн ажлаас халж, солих эрхгүй байдаг гэнэ. Харин Энхтүвшин нь өнгөрсөн онд тус сургуулийн хоёр ч багшийг ажлаас нь халах тушаал гаргажээ. Тиймээс халагдсан багш нар шүүхэд хандан, шүүхээс Энхтүвшинг буруу шийдвэр гаргасан гэж халагдсан багш нарыг ажилд нь эргүүлэн авах шийдвэр гаргасан байна. Энхтүвшин шүүхийн шийдвэрийг биелүүлж тухайн багш нарыг ажилд нь эргүүлэн авсан ч энэ сарын 2-нд Мэдээлэл зүйн багш Ж.Энхсүрэнг дахин ажлаас халах тушаал гаргаж, ажлаас нь халжээ. Ажлаас халагдсан Ж.Энхсүрэн гэх багш сонгон шалгаруулалтад тэнцэн, тус сургуульд томилогдон ажиллаж байсан юм байна.

Одоогийн байдлаар Энхтүвшин нь 8-10 багшид хууль бусаар анхааруулга, сануулга өгч, цалингийн хувьдаад байгаа гэж багш нар мэдээлж байна. Мөн сонгон шалгаруулалтад ороогүй 3 багшийг шинээр ажилд авсан гэнэ. Тиймээс сургуулийн захирал Энхтүвшинд хурдан ямар нэгэн арга хэмжээ авч, сонгон шалгаруулалтыг явуулж, 93 дугаар сургуулийн захирлыг томилохыг тус сургуулийн багш ажилчид холбогдох газруудад анхааруулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ