“Нарантуул” захын галын хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцжээ

Өнгөрсөн оны аравдугаар сард “Нарантуул” худалдааны төвд гал гарч, 600-700 түрээслэгч эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон.

Тухайн үед цахилгааны гэмтлээс болж гал гарсан гэх дүгнэлтийг албаныхан гаргаж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт “Нарантуул” худалдааны төвийн галын хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгчид шинжээчдийн дүгнэлтийг эсэргүүцэн гомдол бичжээ.

Ингэснээр прокурорын хяналтад байсан “Нарантуул” худалдааны төвийнхэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцжээ. Хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дахин шалгах юм байна. “Нарантуул” худалдааны төвийн галыг зохион байгуулалттай байсан гэж өмгөөлөгч нь үзэж байгаа юм.

Учир нь өмнө нь“Нарантуул” худалдааны төвд байрлах гурван цайны газарт гал гарч байсан. Тухайн үед галыг унтрааж аюулгүй болгож байсан. Харин энэ удаа ганцхан цайны газарт гарсан гал 20-хон минутын дотор “Нарантуул” худалдааны төвийг тэр чигт нь шатаасан. Тэгэхээр энэ гал зохион байгуулалттай байсан гэж өмгөөлөгч Батбаяр үздэг юм.

Одоогоор хэрэгт 10 гаруй хүнийг сэжигтнээр татан гадуур байцаан шалгаж байна. “Нарантуул” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Оюунсогоо, тухайн өдөр ажиллаж байсан манаач, хамгаалагч зэрэг 10 гаруй хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Хохирлын хэмжээг 16 тэрбум гэж тогтоогоод байна. Галын хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа гэм буруутай этгээд нь хохирлыг бүрэн барагдуулах юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ