Эрдэнэт хүний амийг согтуу хүүхдүүд бүрэлгэжээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж шөнийн цагаар нийслэлийн нутаг дэвсгэрт хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан хууль сахиулах холбогдох байгууллагуудаас удаа дараа иргэдийн дунд сэрэмжлүүлэг гаргаж байгаа.

Гэсэн хэдий ч шөнийн цагаар гарч байгаа ноцтой гэмт хэрэг, осол, зөрчил ихэссэн байна.

Энэсарын 15-наас 16-нд шилжих шөнө буюу 00:58 цагт Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 30-35 орчим насны эрэгтэй хүн гаднаа гэмтэл шархгүй нас барсан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагчид гудамжинд ухаангүй хүн байгааг олж харснаар дуудлага өгсөн аж. Тухайн нас барсан хүн харахад гэмтэл шархгүй байсан боловч задлан шинжилгээний дараа гадны нөлөөтэй амиа алдсан болох нь тогтоогджээ.

Тиймээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид хэрэгтнийг илрүүлэхээр шуурхай ажиллагаа зохион байгуулж, мэдээлэл цуглуулсны үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоожээ.

Улмаар хэргийг шалгах явцад түүнийг үл таних этгээд зодож, аминд нь хүрсэн нь тогтоогдсон байна.

Тодруулбал, хэрэг болсон тэр шөнө 16-18 насны таван залуу гудамжинд архидан согтуурч, хоорондоо маргалдаж, улмаар хоёр нь хоорондоо зодолдож байсан байна.

Гэтэл таван залуугийн нэг болох 1995 онд төрсөн Т гэгч хажуугаар явж байсан хохирогч болох, 1972 онд төрсөн Б-г цохиж, газар унаган, боож улмаар халаасанд нь байсан гар утас, түрийвч зэргийг нь дээрэмдэн авсан аж. Тухайн үед хамт байсан дөрвөн хүүхэд нь хараад зогсож байсан гэдгээ одоогийн байдлаар мэдүүлээд байна.

Энэ мэтчилэн хүний амь хохироосон ноцтой гэмт хэрэг шөнийн цагаар гарах болжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө нэгэн залуу найзуудтайгаа хөлбөмбөгийн тоглолт үзээд шөнийн 05.00 цагийн орчимд гэртээ харих замдаа машинтайгаа замын хажуугийн шон асар хүчтэй мөргөсний улмаас амиа алдсан осол гарсан.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ