Испани хожигдож дэлхийн аваргыг орхилоо

Өнгөрсөн шөнө 03:00 цагаас дэлхийн аваргын хэсгийн тоглолтуудын хамгийн томоохон дуулианыг чиличүүд дэгдээлээ. Энэ нь B хэсэгт Нидерланд, Австралитай хамт багтсан Испани Чилийн шигшээ багийн тоглолтод Өмнөд Америкийн төлөөлөл сүүлийн жилүүдэд босоо явсан тив, дэлхийн аварга Испанийн багийг 2:0-ээр хожсон явдал юм. Ингэснээр Австралийн шигшээтэй хийх тоглолтод хожсон ч испаничууд хэсгээсээ шалгарч дэлхийн аваргыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

Хэсгийн эхний тоглолтод Голландын шигшээд 5:1-ээр ялагдаж нам тавиулсан испаничуудын хувьд хэсгээсээ гарах эсэхээ шийдэх чухал тоглолт байсан юм. Чилийн шигшээгийн хувьд ч мөн адил Австралийг хожиж 3 оноогоо авсан хэдий ч дараагийн учраа нь хүчирхэг нисдэг голландчууд учир Испанийг хожихоос өөр ямар ч зам байгаагүй.

Тоглолтын 20 дахь минутад Чилийн шигшээ багийн сөрөг довтолгоо амжилттай болж, довтлогч Эдуардо Варгас гоол орууллаа. Үүний дараа 43 дахь минутад хагас хамгаалагч Чарлес Арангуис Испанийн шигшээ багийн ахлагч, хаалгач Икер Касильясын дутуу хаасан бөмбөгийг нэмж цохин, гоолдов. Ингэснээр ердөө эхний хагаст аргентин дасгалжуулагч Хорхе Сампаолигийн удирдлага дор довтолгоонд суурилсан тоглолтод мэргэшээд байгаа энэ удаагийн дэлхийн аваргын яах аргагүй битүү морьдын нэгт тооцогдож байсан Чилийн шигшээ 2:0-ээр тоглолтыг хошуучилж эхэлсэн.

Ингээд үлдсэн цагт испаничуудын шуурган довтолгоо өрнөсөн хэдий ч тооны харьцаанд өөрчлөлт оролгүй үргэлжилсээр хэсгийн тоглолтуудын хамгийн том шуугиан дэгдлээ.

Исаничууд ийнхүү хэсгийн эхний хоёр тоглолтдоо дараалан хожигдож Австралитай хийх тоглолтод хожсон ч үл шалтгаалан дэлхийн аваргыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

Уг нь түүх болон, статистик үзүүлэлт Испанийн талд байсан ч талбай дээр тэдний хаанчлал дууссан болохыг харуулж байсан юм.

Энэ хоёр баг арван удаа учраа таарахдаа испаничууд найм хожиж, хоёр тэнцэж байсан юм.

Мөн Испанийн шигшээ 2008, 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээн, 2010 оны ДАШТ-д түрүүлэхдээ ердөө зургаан гоолыг хаалгандаа алдаж байсан бол энэ удаа хэсгийн хоёр тоглолтод долоон гоол хаалгандаа алдсан бол цорын ганц гоолыг пенальт цохин хийгээд байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ