“PLAYTIME 2014” амьд хөгжмийн наадам болно

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “PLAYTIME 2014” амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор ирэх сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд болох гэж байна. Тус наадам нь 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж, тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм байна.
"PLAYTIME 2014 наадмын хүрээнд ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” болон Английн “The Wombats” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын шинэ, шилдэг 30 гаруй хамтлаг дуучид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм.
Мөн “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ" гэжPLAYTIME 2014 наадмын захирал Ц.Нацагдорж мэдээллэсэн юм.
Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ