Тансаг хотхонуудад амьдардаг хөрөнгөлөг улстөрчид...
Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн гэж тодотгож болохуйц байр сууц 6000 орчим байна гэсэн албан бус тоо байна.
Хэрэг дээрээ бол Туул голын хөвөө, хотын төв хэсэг, хойшоо хуучин лагерийн эцэс, зүүн зүгт Гачууртад голчлон төвлөрсөн өндөр зэрэглэлийн байр сууцнуудын тооны нийлбэр үүнээс давах магадлалтай.
Харин тэдгээр таун хаус, хаус, апартментад эгэл жирийнээс хэдэн зуу дахин их хэмжээний хөрөнгө мөнгөтэй улстөр, бизнесийн салбарын нөхдүүд амьдран сууцгаадаг. Чухам аль хотхонд яг хэн хэн амьдардаг вэ гэдгийг нь хамтдаа сонирхоцгооё.
“Bella Vista”-д улстөрчид олноороо...

MCS группийн MCS Property компанийн барьж гүйцэтгэсэн Зайсан дахь “Bella Vista” хотхонд С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил, Су.Батболд нар амьдардаг. Мөн Ц.Нямдорж гишүүн өндөр түрээс төлж амьдардаг гэдэг ч, тэр талаараа үг унагасан удаагүй.
Мөн энэ хотхонд эзэд нь болох MCS группийн Ерөнхий Захирал, Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал, группийн Ерөнхийлөгч Ж.Од нар амьдардаг. Тэрчлэн тус хотхонд байрлах уран зургийн ховор нандин цуглуулга бүхий сан хөмрөгтэй “Цагаандариум” галлерейг Ж.Од, Л.Энх-Амгалан нарын MCS-ийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар байгуулжээ. За мөн “Bella Vista”-д “Спирт Бал Бурам” компанийн Гүйцэтгэх захирал Б.Баярхүү, “АПУ”-гийн П.Батсайханы бага дүү “Сэлэнгэ тариа” компанийн захирал П.Бат-Эрдэнэ амьдардаг бол Кувейтийн ЭСЯ байрладаг юм.
Green Villa-д хэн амьдардаг вэ?

Зайсан дахь Green Villa хотхонд Ерөнхий сайд асан С.Батболдын нэг байр бий. Харин Г.Батхүү гишүүнийх бүрэн төвхнөчихсөн. Мөн “Жаст”-ын гэгддэг Ш.Батхүү, “Мон Уран”-ы буюу УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “АПУ”-гийн П.Батсайхан, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан нарын бизнесмэнүүдийн гэр байдаг. Бас Монгол Улсын аварга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарынх ч байна.
Роял Каунтигийн одод...

Мөн л Зайсанд Роял Грийн Вилла-тай адилхан загвараар баригдсан хотхон бол Роял Каунти. Seoul групп барьж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотын хамгийн орчин үеийн шинэлэг, тохилог амьдралын бүхий л хэрэгцээг иж бүрэн хангасан шинэ хотхон хэмээн өөрсдөө тодотгодог. Тэгвэл тус хотхонд БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Жем Интернэшнл компанийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Гарьд Ц.Цэрэнпунцаг нар оршин суудаг. Мөн МАК-ийн Б.Нямтайширын охин Н.Цэлмүүн амьдардаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ