Аймшигт ослоор 6 сартай хүүгийн эцэг эх эрсэджээ

Өнгөрсөн 21-ний өглөө 08.00 цагийн орчим “Цонжин болдог” Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Баян даваагийн адаг замын эргэлт дээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 50 хүнтэй орон нутгийн автобус осолдож зургаан хүн газар дээрээ нас барсан тухай бид шуурхай мэдээлсэн.
Тэгвэл ослын шалтгаан нь замын огцом эргэлт дээр хэт хурдтай явснаас болсон байж магадгүй бөгөөд нүдээр харсан хүмүүс нь автобус эргэлт дээр нэгэн машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад замын хажуу руу орж улмаар 4 5 удаа хөмөрч эргэлдсэн байна.
Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Дайчин сүх” хэмээх ХХК-ийн автобус ийнхүү осол гаргаж 3 эрэгтэй, 3 эмэгтэй хүний амийг авч одлоо.
Энд жолооч нь хариуцлагаа хүлээгээд өнгөрөх бус тухайн компанид маш хатуу хариуцлага давхар хүлээлгэх ёстой, осолд орсон бүх хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг давхар барагдуулах хэрэгтэй, ер нь орон нутгийн зорчигч тээврийн компаниуд хариуцлага, хүний амь наснаас илүү хэдэн төгрөгний төлөө ажилладаг болсон нь үнэн хэмээн хүмүүс ярьж байлаа.
Автобусанд явсан 50 хүний 6 нь амиа алдаж 43 хүн одоогоор ГССҮТ-д хүнд, хөнгөн гэмтэлтэйгээр зарим зорчигч нар сэхээн амьдруулах тасагт байгаа тухай эх сурвалж мэдээлсэн.
Зорчигчдын дунд 15 хүүхэд явжээ. Мөн гурван жирэмсэн эх болон 6 сартай бяцхан хүүхэд зорчиж явсан бөгөөд азаар давхар биетэй эхчүүдийн бие, ураг гайгүй боловч харамсалтай нь дээр дурдсан 6 сартай хүүхдийн аав, ээж нь амиа алдсан болохыг эх сурвалжууд мэдээлэв.
Одоогийн байдлаар Зам тээврийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан энэхүү осолтой холбоотой хэрэг явдал дээр ажиллаж байна. Ослын газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн аврах шуурхай салбарын албан хаагчид, Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Уул уурхайн аврах ангийн нийт 10 гаруй автомашин, 41 хүн ажилласан юм.





А.Бүрэнтөгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ