Гэр бүлээрээ осолдож эцэг эхээ алдсан бяцхан охин ГССҮТ-д эмчлүүлж байна

Өнгөрсөн 21-ний өглөө 7 цаг 40 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт-УБ чиглэлд явж байсан шуудангийн автобус Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цэнхэрийн гүүр орчимд осолдсон. Ослоор зургаан хүн газар дээрээ нас барж нэг хүн Налайхт яаралтай мэс засалд орж үлдсэн 39 хүн ГССҮТ-д хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байна.

Хүргэгдэн ирсэн хүмүүсээс нэг эмэгтэй яаралтай мэс засалд орж биеийн байдал сайжирсан. Мөн Налайхт хэвлийн хөндийн мэс засалд орсон эмэгтэйн биеийн байдал дээрдэж байгаа ба удахгүй хот руу авчрах юм. Хүүхдийн тасагт хэвтэж байгаа нэг хүүхэд дунд чөмөгний мэс засалд орно. Бусад хүмүүст 3 дахь шинжилгээг удахгүй хийж биеийн байдал нь гайгүй гарсан хүмүүсийг ороннутгийн эмнэлгийн хяналтад шилжүүлэх юм байна.

Зорчигчдын дунд долоон сартай хүүхэдтэйгээ явж байсан 23 настай залуухан гэр бүлийн хоёр газар дээрээ нас барж долоон сартай хүүхэд нь ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Хүүхэд гавландаа бага зэргийн гэмтэл авсан хэдий ч одоогоор яаралтай мэс засал хийх шаардлагагүй байгаа юм.

Зарим зорчигчдын гэмтэл бэртэл бага, биеийн байдал гайгүй боловч сэтгэл санааны хувьд шокоос бүрэн гараагүй байна. ГССҮТ-ийн ор, тасаг хүрэлцээ муутайгаас өвчтөнүүд коридорт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлгээс биеийн байдал гайгүй гаргах боломжтой хүмүүсийг гарахыг хүссэн боловч төрөөс тусгай зөвшөөрөл авсан унаагаар явж байгаад гэмтсэн учраас хохирлыг барагдуулж, нөхөн олговроо авсны дараа гарна гэсэн яриа байна. Газар дээрээ нас барсан зургаан хүний ар гэрийнхэн шарилуудыг авч Сүхбаатар аймаг руу явсан байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ