Далай ламыг "тамлаж, мэдүүлэг авчээ"

Дэлхийн алдартай хүмүүсийн зодуулж тамлуулан, цус нөж болсон зургийг “Amnesty International” байгууллага интернэтэд нийтэллээ.
Тус байгууллага “Тамлалыг зогсоо” цувралдаа Далай лам, рок од Игги Поп, алдарт дизайнер Карл Лагерфельд нарын зургийг ашиглажээ.
Дээрхийн гэгээнтэн Далай ламын нүүр хөх няц болж хавдан, нүдний шил нь хагарсныг та харж байна. Далай лам мэдүүлэгтээ “50 гарсан эр Rolex цаггүй бол амьдралаа дэмий өнгөрөөжээ” гэсэн байх юм.
Харин рок дуучин Игги Попын мэдүүлэгт “Рок-н-роллын ирээдүй бол Жастин Бибер" гэжээ. Гэтэл Карл Лагерфельд “Тансаг дэгжний туйл бол хавай цамц, углааш" гэсэн гээд төсөөл дөө.
Хүний эрхийн төлөө тэмцэгч “Amnesty International” байгууллага энэхүү сурталчилгаагаа “Хэрэв тамлаж тарчилгавал та бидний хэн нь ч байсан юу ч хамаагүй хүлээнэ” гэж тайлбарлажээ.
Тус байгууллагын Франц, Бельгийн салбарын Филипп Энсман “Засгийн газрууд тамлалыг зөвшөөрөхдөө үнэ цэнэтэй мэдээлэл авахын тулд гэж энэхүү үйлдлээ зөвтгөдөг. Гэтэл түүхээс үзэхэд тамлуулсан хүн ямар ч хэргийг, юуг ч хүлээн зөвшөөрдөг” гэж ярилаа.
“Бид ийм ер бусын аргаар олон нийтийн нүднээс далд байдаг эмгэнэлт бодит байдалд хүмүүсийн анхаарлыг хандуулахыг хүссэн” гэж Энсман мэдэгджээ.
Эдгээр зураг ганцхан цагийн дотор 6000 гаруй лайк авч, 15 мянган хэрэглэгчийн дэмжлэгийг хүлээсэн байна.
Нэмж өгүүлэхэд, НҮБ 1984 онд тамлах зэрэг хүнлэг бус харьцах, шийтгэхийн эсрэг Конвенци гаргахад 155 орон нэгдэж, 32 орон хүлээн зөвшөөрөөгүй. Хэдий тийм ч “Amnesty International” байгууллага 2014 онд 142 оронд судалгаа явуулахад 79 нь тамлах аргаар мэдүүлэг авдаг нь тогтоогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ