О.Магнай дарга нөхөн олговрыг хувиасаа төлөх ёстой

Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ШӨХТГ-ын ажилтнуудыг бөөнөөр нь ажлаас нь халсан тухай мэдээлэл цацагдсанаас хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанддээрх албан хаагчид ШӨХТГ-ын дарга О.Магнайн уг шийдвэрийг хууль зөрчсөн, төрийн албан хаагчдын нэр хүндэд халдсан эрх ашгийг нь хохироосон хэмээн үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа Төрийн албаны зөвлөлд хандаж уг тушаал үндэслэлтэй эсэхийг тогтоолгохыг хүсэж гомдол гаргажээ.
Д.Гантөмөр, Б.Итгэлбат, Ц.Тэрбиш, Б.Мөнхханд, Б.Хэрлэнчимэг, Т.Мөнгөнцэцэг, О.Мөнхзул, Ж.Сүглэгмаа, Д.Мөнхсолонго нарын нэр бүхий есөн албан хаагчийг ажлаас нь халсан тус газрын дарга О.Магнайн 2013 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 88 тоот тушаалыг Төрийн албаны зөвлөл болон шат шатны шүүхээс хүчингүй болгосон байна.
Төрийн албаны зөвлөлийн даргын шийдвэрээр уг гомдлыг хянан шалгах комиссыг байгуулан ажилласан бөгөөд улмаар Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 20-р хуралдаанаар Д.Гантөмөр нарын есөн ажилтны гомдол үндэслэлтэй эсэхийг шалгасан комиссын дүгнэлтийг хэлэлцэж ШӨХТГ-ын дарга О.Магнайн гаргасан 88-р тушаал эрхзүйн чадамжгүй гэсэн дүгнэлтийг гаргаж дээр дурдсан есөн хүнийг ажлаас халсан шийдвэрээ хүчингүй болгож уг хүмүүсийг эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилохыг О.Магнайд даалгажээ.
Гэсэн хэдий ч О.Магнай дарга Төрийн албаны зөвлөлийн энэ шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй учраас дээр дурдсан есөн ажилтан хуулийн дагуу нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх уг гомдлыг хянаж үзээд Төрийн албаны зөвлөлийн нэгэн адил дээрх хүмүүсийг хууль зөрчин ажлаас нь халсан гэж үзжээ.
Гэтэл ШӨХТГ дээрх шийдвэрийг үл зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч эдгээр шүүхүүд шат бүрдээ Төрийн албанаас халах тухай ШӨХТГ-ын даргын 2013 оны 88-р тушаалыг хүчингүй болгож есөн ажилтныг албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны таван сая долоон зуун арван есөн мянга зуун есөн төгрөгийн олговрыг бодож олгохоор шийдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад энэ нөхөн олговрыг ШӨХТГ-ын төсвөөс бус О.Магнай дарга хувиасаа барагдуулах нь зүйтэй. Мэдээж хэрэг агентлагийн дарга хүн буруу шийдвэр гарган иргэдэд хохирол учруулсан бол тухайн хохирлыг улсын төсвөөс гаргана гэдэг байж боломгүй юм. Тиймээс хууль зөрчсөн буруу шийдвэрийнхээ төлөөсийг татвар төлөгчдийн мөнгөөр цайруулалгүй хувиасаа төлөх нь шударга явдал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ