Урд хөл бүдэрсний төлөө хойд хөлийг нь гуядах болоод байна

Монголчууд сүүлийн үед нэгэн асуудал дээр зангидсан гар шиг байна. Нийт даяарыг ингэж нэгтгэсэн зүйл нь татвар төлөгчдийн мөнгөөр төрийн албан хаагчид тив алгасан зугаалах явдал байлаа. Ард олноо хэт басамжилсан, дэндүү даварсан энэ үйлдлийг дэвэргэгчид нь дарга нар.
Урьд өмнө нь ингэж яваад болоод байсан учраас тэд амыг нь таглахын тулд араасаа цэргүүдээ дагуулж байгаа нь энэ. Цагаа олж цацагдсан мэдээллийн ачаар тэдний булхай нийгэмд илрэв. Цахим ертөнцийн тусаар дэлхийд тархав.
Ингэж илчлэгдчихээд ичихгүй байна, тэд. Засаглалын тэргүүнүүд төрийн албан хаагчдынхаа замбараагүй үйлдлийг таслан зогсоох нь бүү хэл, дуугарч чадахгүй “Нүдэн балай, чихэн дүлий” суугаад байхаар бүр давраад зугаалагчдын цуваа орон нутаг руу шилжлээ.
Нийслэлийнхэн 18 тэргүүлэгчээ Бразил руу илгээсэн бол, Эрдэнэтийн удирдлагууд таван хүнээ АНУ руу явуулаад амжлаа. Татвар төлөгч та бидний зардлаар хилийн дээс алхаж, туршлага судалдаг төрийн албан хаагчдын цуваа ийн давалгаалж байна.
Биднийг ингэж бухимдаж суух зуурт хэдэн ч аймгаас хичнээн ч төлөөлөгч “Туршлага судлах” буухиаг өртөөлж буйг бүү мэд. Эдийн засаг болохоо байлаа, нүд анилаа, элдэв хэрэглээ, илүү зардлаа багасгая гэж Төр, засгийг төвхнүүлэгчид наашаа харж, амаа чилтэл худлаа яриад, цаашаа харж гадаад томилолтыг батлаад байхаарийм үзэгдэл газар авахаас яахав.
Төрийн гаж зуршлын сонгодог жишээ болсон татвар төлөгчдийн мөнгөөр хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн үзэхээр Бразилийг зорьсон НИТХ-ын тэргүүлэгчдийн асуудал цахим ертөнцийг шуугиулж олон нийтийг одоо хэр бухимдуулсаар байна.
Нэр бүхий 18 төлөөлөгчийг Бразил, Куба улсад туршлага судлуулахаар явуулах тухай НИТХ-ын тогтоол цахим ертөнцөд ил болж, олны зэвүүцэл үерлээд ирмэгц МАН өөрийн гишүүдээ сугалж аваад үлдсэн юм. Өнгөрөгч долоо хоногт МАН-аас нийслэлд сонгогдсон иргэдийн хурлын тэргүүлэгчид мэдээлэл хийж “Бид нар яваагүй шүү” гэдгээ зарласан билээ.
Багийн тоглолтоос мултарч, уснаас хуурай гарахыг оролдсон тэдний алхам хүмүүст огтхон ч таалагдаагүй. Тэднийг ямар “эх оронч”тэргүүлэгчид вэ гэж хэн ч хараагүй, бас үнэлээгүй. Үнэндээ тэд нэг талаас, зугаалах асуудал нь ил болж олон нийтийн анхааралд өртсөн болохоор, нөгөөтэйгүүр харьяа нам нь үүрэгдсэн учраас л аргагүй үлдсэн байж таарна.
Түүнээс биш, МАН-ынхан татвар төлөгчид та бидэнд, ард түмэндээ хайртайдаа яваагүй гэвэл түүн шиг эндүүрэл байхгүй.Нийслэл дүүргийн удирдлагууд, ИТХ-ын тэргүүлэгчид улаан цагаанаараа ялгарахгүйгээр эвтэйхэн” хөтлөлцөөд” жил бүр Тайланд, Дубайгаар зугаалдаг болсныг аль хэдийнээс эхлэн жиг жуг гэлцсээр мэдэхгүй хүн ч үгүй болж.
Тэгэхээр энэ удаагийн томилолтод хуваарилагдсан нэр бүхий тэргүүлэгчид бүгд л сэтгэл ханамжтай байсан нь тодорхой шүү дээ.
Харамсалтай нь, тэдний ээлжит аялал дампуурчихсан болохоос биш. Тэдний дэргэд харин Эрдэнэтийн ЗДТГ-ын таван эрх мэдэлтэн чимээ аниргүйхэн, эгзэгийг нь тааруулаад эвтэйхэн“туршлага судлаад” ирэх шиг боллоо.
Ямартай ч татвар төлөгчдийн мөнгөөр алс холын Куба, Бразилаар зугаалагчдад хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг УИХ-ын даргаас дэвшүүлээд нийгмийн дэмжлэгийг авч тэдэнд акт тогтоож, торгууль хүлээлгэх нь тодорхой болох шиг байна. Гэхдээ үүгээр сэтгэл ханаж болохгүй.Ингэх нь учир дутагдалтай.
Хэдийгээр хариуцлагын тухай хөндөж, акт тогтоож, торгууль тавина гэж байгаа нь сайн хэрэг ч хэнд гэдэгт л хамаг учиршалтгаан нь оршиж байна. НИТХ-ын тэргүүлэгчид 18-лаа “сэм булагнаж” байгаад л “За, хэдүүлээ Бразил явж хөлбөмбөгийн ДАШТ үзчихээд ирье” гэж шийдээгүй нь тодорхой.Тиймээс энэ асуудлаар зөвхөн явсан нөхдөд нь хариуцлага тооцсон жүжиг тавиад өнгөрвөл өнгөлөн далдлалт болно. Үнэхээр хариуцлага тооцох бол холбогдох бүх албан тушаалтанг хамруулж бодитой хариуцлага тооцох шаардлагатай.
Жишээ нь, тэднийг Бразил, Куба улсаар аялуулах тогтоолд гарын үсэг зурсан НИТХ-ын дарга Д.Баттулгад, дуугүй хараад “толгой дохиж”суусан хотын мэр Э.Бат-Үүлд ч хариуцлага тооцох ёстой.Нийслэлийн энэ хоёр удирдлага толгой сэгсэрсэн бол тэд юун Бразил явах байтугай, нэр цэвэр ажлаа хийгээд нийслэлдээ гүйж явахгүй юу. Харин тэд толгой дохисон болохоорэд нар ниссэн хэрэг. Тэгээд одоо хохирч байна.
Дарга нарын үгээр далдганасны гай гэх үү дээ. Гэтэл нөгөө “Туршлага судлуулах”-аар багаа илгээсэн дарга нь “Энэ үйл явдал надад болон НИТХ-д томоохон сургамж боллоо. Аудитын хүмүүст торгууль акт тавихаа түр азнаач. Тодорхой алдаа гарсан. Тэр хүмүүсийг тэрхээр нь албан шаардлага хүргүүлнэ” гэж хээвнэг мэдэгдээд зогсч байх жишээтэй.
Үүнийг юу гэж ойлговол зүйтэй юм бол.Зүгээр мөрөөрөө ажлаа хийж явсан тэргүүлэгчдэдээ бөөнөөр нь томилолт өгч, 183 сая төгрөг салхинд хийсгэн байж сургамж авдаг Нийслэлийн дарга нарт тэгээд хэн арга хэмжээ авч, ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь л энэ жүжгийн хамгийн чухал бас хамгийн сонирхолтой хээсэг нь юм.
Түүнээс биш явсан, ирсэн, арга хэмжээ авсан гээд өнгөрвөл байдаг л нэг үлгэр болно. Энд бас нэг зүйлийг хэлэхэд багийн спорт багийнх л байдаг. Амжилт ялалт, алдаа оноо аль аль нь багийнх буюу нийтийнх гэсэн үг. Түүнээс биш нэг баг болж, усан онгоцон дээр гарчихаад зангуугаа татсаны дараа зангаа хувиргаад “Бид болилоо” гээд буцсан ч нэгэнт ус руу үсрэхээс өөр гарцгүй үед хуурай гарна гэж байдаггүй л байхгүй юу.
Тэгэхээр үхсэн ч, сэхсэн ч хамтдаа гэдгийг үлдэгсдэд нь хүргэчихье. Наймуулаа үлдэнэ үү, есүүлээ юү гэдэг энд огт сонин биш. Явахгүй үлдсэн нь ч чухал биш. Нэр чинь тэнд байсан уу, томилолт авсан уу, явах байсан уу гэдэг л хамгаас их хамааралтай. Бодит байдал нэгэнт ийм хойно тэдгээр нөхдөд хариуцлага ч бас ногдож таарна.
Зөвхөн томилолтоор яваад ирсэн нөхдөд хариуцлага тооцоод, тэднийг торгоод өнгөрвөл ёстой нөгөө “Урд хөл нь бүдэрсний төлөө хойд хөлийг гуядах” гээч үйлдэл бодит утгаараа биеллээ олох юм. Тиймээс ч хариуцлага тооцох тухайд хамгийн сүүлчийн байдлаар буюу өчигдрийн 18 цагийн үед цахим ертөнцөд тархсан сэтгэгдлээр 45 хүн саналаа ирүүлсний 41 нь Нийслэлийн хоёр дарга болох Улсын баатар Э.Бат-Үүл, Д.Баттулга нарт эхэлж хариуцлага тооцох ёстой гэдгийг хэлсэн байна
Тухайлбал, ”Бразил, Куба-ээс юун туршлага хаа байсан бөмбөрцгийн нөгөө талд ,амьдрал ,цаг уур шал өөр орчны улс оронтой туршлага гэж юугаа яриад байгаа юм бэ, Ингэж дарга цэрэггүй нийлж зугаалж байдгаа ;арга нар нь зугаалсныхаа хариуд ингэж бөөндөж татвар төлөгчдийн мөнгөөр зугаацаж байдгаа болиочээ.
Хэн ч бодсон ойлгомжтой зугаалга. Саяхан Бат-Үүл Америкт байгаад байсныхаа хариуд олноор нь явуулж цайруулж байхгүй юу”,“Яасан ч их гадаад явдаг юм. туршлага судлах гэх юм. юу судалдаг ямар туршлага юм бүү мэд. энэ гадаад явах хэнээрхэл дунд доод шатанд бүр хавтгай, байгаа дээрээ 2 3 явчих юмсан гэсэн нөхдөөр дүүрэн байна ш дээ”, “Татварын мөнгөөр зугаалж байгаа хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй”, “Хариуцлага тооцно гэвэл эд нар ардчилалд аюул учирлаа гээл балиар орилоод унах байх даа” гэх мэтчилэнгээр үргэлжилнэ. Та нарыг сонгосон иргэд хариуцлага нэхэж байна. Наана чинь. Хамгийн сүүлийн сонин гэвэл энэ л байна.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ