Эмнэлгээс Шумахерын өвчний түүхийг хулгайлжээ

“Формула-1” уралдааны долоон удаагийн аварга Михаэль Шумахерын осолд орсныхоо дараа сүүлийн хагас жил унтаа байдалд байсан Францын Гренобль хотын эмнэлгээс өвчний түүхийг нь хулгайлжээ. Германы “Бильд” сонины даваа гаригийн дугаартаа энэ талаар мэдээлжээ.

Уг сонинд дурдсанаар, Герман, Их Британи, Францын хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хулгайлагдсан баримт бичгийг 50 мянган еврогоор авах уу гэсэн санал хүлээн авчээ.Аваргын менежер Сабина Кем болсон явдлыг буруушаагаад, Шумахерын өвчний түүхийг нийтлэхгүй байхыг сэтгүүлчдэд уриалсан байна. Ийм баримт бичгийг задруулах нь хууль бус гэдгийг тэр дурдаад, ийм явдал гаргуулахгүйн тулд бүхнийг хийхээр амлажээ.
Хулгайн хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Гэхдээ сэжигтнүүдийг хараахан тогтоож чадаагүй байгаа ажээ.
2013 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр ШумахерАльпын нурууны Мербелийн рашаан сувиллын газрын хавьд уулын цанаар гулгаж явахдаа унаж, тархи-толгойндоо айхтар гэмтэл авсан юм. Ухаан алдсан түүнийг Греноблийн эмнэлэгт нисдэг тэргээр хүргэжээ.
Шумахер унтаа байдлаас гарч, түүнийг Греноблийн эмнэлгээс Швейцарын Лозанна хотын нөхөн сэргээх төвд шилжүүлсэн нь зургадугаар сарын 16-нд тодорхой болсон юм.Эмч нар түүний биеийн байдлыг тогтвортой байна гэж үзэж байгаа ажээ. Аварга бусдын ярихыг сонсож, биед нь хүрэхийг мэдэрч, төрөл төрөгсдөө таньж байгаа гэж Кем хэлсэн байна.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ