Монгол Улсын Засгын газар болон УИХ-ын гишүүдэд

Ардчилагчидаа дээдлэх цаг ирвэй

Нэг их жаргалтай юм шиг мөртлөө социализм хэмээх нэгэн их том хашаа, хороон дотор лут хараа хяналтан дор амьдарч байсан тэр цаг буюу 1989 он, эдүүгээгээс 25 жилийн өмнөх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг хүйтэн жавар, хөр цасан дундуур санаачилан, хийж манлайлан оролцож явсан анхдагчиддаа тэтгэмж олгох, орон сууцжуулах гэгээ гэрэл цацруулсан сайхан санаачлагыг УИХ-ын хэсэг гишүүд гаргасаныг сонссон “өнөө муусайн партизанууд” хэмээн цоллогдож явдаг анхдагчид тэдний ар гэрийнхэн нь эгээл нөгөө тэтгэвэр, тэтгэмжээ авчихсан юм шиг магнай хагартлаа баярлаж, хөөрч байх шиг, ойрийн өдрүүдэд. Цөөхөн хэдийг нь эс тооцвол дийлэнх анхдагчид маань өнөөдөр зуугийн талаас дээш насалж, амжиргааны дунд аж түвшингээс доогуур амьдарч бүр зарим нь нэн ядуу амьдралтай байгаа нь нууц биш билээ.

Тэд өөрсдийн байгуулах гэж хүсэж байсан өнөө сайхан нийгмийнхээ золиос нь болж байгаа нь ч бас туйлын үнэн. Эртний түүхт Монголыг маань их эзэн Чингисийн нэрээр ертөнц мэддэг байсан бол өнөөгийн Монголын төр засаг өнөө “муусайн” анхдагчдын амь бие, ажил, амьдралаараа дэнчин тавьж байж авчирсан “Ардчилал” хэмээн тодотголоор дэлхийд гоёж явна даа.

Чухамхүү тийм л учраас тэдгээр хүмүүст тэр тэтгэмж, тэтгэвэрийг олгох нь маргаангүй зөв шийдвэр юм шигээ. Өнөөгийн нийгмийн орон сууц хувьчилсан, малыг аминд өгсөн, газрыг өмчлүүлсэн, гадаадад чөлөөтэй зорчуулах болгосон, хэвлэл болоод хувь хүний эрх чөлөөг дээдлэх болсон... тоочоод барашгүй олон, олон хөгжил дэвшлүүд анхдагчдын минь санаачилан, эхлүүлсэн тэр ардчилсан хувьсгалын үр дүн нь билээ.

Монгол улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчид үзэл сурталын шуурганд хэлмэгдэж явсан ахмадууддаа манай төр нэгэнтээ тэтгэвэр, тэтгэмж, орон сууцны тусламжаа үзүүлсэн билээ.

Тэгвэл ардчилсан хувьсгалын анхдагчид “Миний төр биднийг хэзээ нэгэн цагт бидний гавьяа зүтгэлийг үнлэнэдээ” хэмээн сэтгэлдээ залибарч төрийн сүлдэндээ итгэж явцгаасан. Тэд хэдийгээр энэ тэтгэвэр, тэтгэмжийн төлөө анхнаасаа тэмцэж яваагүй ч горьдлого нь талаар болсонгүй. Ямар ч л байсан санал санаачлага нь гарлаа.

УИХ, засгийн газрийн гишүүд минь ухаан ч мэргэнт далайдаа шүүн тунгааж энэ олон аавын хүүхдүүдийн чин сэтгэлийн хүслийг биелүүлж зуун хувь дэмжинэ гэдэгт анхдагчид, тэдний ар гэрийнхэн итгэлийн нүдээр ширтэн хүлээцгээж байгаа. Магадгүй ардчилсан хувьсгалын анхдагчидаа дэмжсэн шийдвэр гаргасныг дэлхийн дэвшилтэд улс гүрнүүд сонордоод Монгол улс ардчилалыг дээдэлж, ардчилалын замаар эргэлт буцалтгүй замнаж байгаа юм байна гэж дахин итгэх буйзаа.

Шийдвэр гаргасан тэднийг ч, төр засгийг ч ардчилсан Монгол улсын түүхэнд алтан үсгээр бичиж, манай, танай гэж тольхилцон улс орны хөгжлийг чөдрөлсөн үе цаг дуусан эвлэрэн нийлж эх Монгол улсаа улс шиг улс болгон хөгжүүлэх их урин цаг ч ирж байж магадгүй.

Дундговь аймгийн Ардчилсан холбооны дарга Жанлавын Мөнхтөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ