Ж.Батзандан бүлгийн шийдвэрийг сөрөх үү

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох асуудал улстөрийн хүрээнийхний ойрын өдрүүдийн хамгийн том толгойны өвчин болох бололтой.

Одоогийн байдлаар тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэр дэвшээд байна. Гэхдээ өнөөдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хийсэн олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбатын тайлбараар Ж.Батзандан гишүүн бүлгийнхнээсээ дэмжлэг авах боломж хязгаарлагдмал байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ардчилсан намаас нэр дэвшсэн хоёр гишүүний талаар бүлгийн хурлаар онцгойлон хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн. Нэр дэвшигчид хоёулаа хуульч мэргэжилтэй, гэсэн хэдий ч Ардчилсан намын бүлгийн зүгээс энэ удаад Д.Ганбат гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн. Ж.Батзандан гишүүний хувьд дараагийн удаад бол" гэсэн юм.

Дээрх байр суурьт Ж.Батзандан гишүүн хариу барьж "Бүлгийн хурлаар ийм шийдвэр гарсан нь үнэн. Нэг талдаа бүлгийнхээ шийдвэрийг хүндэтгэж байгаа ч нөгөө талдаа хуулийн дагуу би байнгын хорооны даргад нэр дэвшиж өрсөлдөнө.

Миний хувьд бүлгийн шийдвэрийг дагах эсвэл Үндсэн хуулийг дагах гэсэн хоёр сонголт байсан. Түүнээс би хоёр дахийг нь сонгосон. Монгол Улс бол парламентын тогтолцоотой улс, тиймээс улс төрийн аливаа томилгоо фракцын, тулгалтын бус, ардчилсан зарчмаар хэрэгждэг байгаасай гэж хүсч байна" гэсэн юм.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ