УИХ-ын гишүүдийн болон ноцтой хэргүүдийн талаар мэдээлэл хийв

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүдийн холбогдсон хэргүүдийн явц, шийдвэрлэлт болон онц ноцтой хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлаар найз охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Алтанхүү, гурван настай хүүхдийн шодойг түлсэн багш зэрэг онц ноцтой хэргийн шийдвэрлэлийн талаар мэдээлсэн юм.

Найз залуудаа зодуулж амиа алдсан гэх Н.Цэдэн-Ишийн нас барсан шалтгааныг тодруулах мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Шинжээчдийн дүгнэлт гурван удаагийн дүгнэлтээр Н.Цэдэн-Ишийг архины гүн хордлогод орж нас барсан гэж тогтоогоод байгаа юм. Харин мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүүг найз охин Цэдэн-Ишийн биед санаатайгаар хүнд гэмтэл учруулж амь насанд нь хүрсэнийг тогтоосон байна.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан н.Нямцэцэг гэх багш гурван настай хүүхдийг өмдөндөө шээсэн гэх шалтгаанаар баруун төмсөгний дээд талыг асаагуураар түлж цэврүү үүсгэж, мөн баруун өгзөг, баруун гуянд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулсан буюу тарчлаасан хэрэг үйлдсэн юм. Түүнд шүүхээс 3 сарын баривчлах ял оноожээ

Мөн хурлын үеэр Бангладеш улсын иргэн Рахманы хэргийг шүүхэд шилжүүлсэнээ мэдэгдлээ. Уг иргэн нь өнгөрсөн гуравдугаар сард БГД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Богд-Ар хороололд өөрийн төрсөн охин 6 настай Ж-г бага насны биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хамт амьдрах хугацаандаа удаа дараа бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдэж байжээ.

Төрийн өндөр дээд албан тушаалтан, цагаан захтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсаныг хуулийн байгууллага илрүүлэн шалгадаг. Гэвч тэдний хэрэг прокурорын байгууллагад очоод замхардаг гэх шүүмжлэл байдаг юм.

УИХ-ын гишүүн Отгонбаяр, Номтойбаяр, Хаянхярваа, УИХ-ын гишүүн асан Дондог нар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл цацагдсанаас хойш хэдэн жилийн нүүр үзэж байна. Гишүүдтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удаан байдаг. Тиймдээ ч хүмүүс прокурорын байгууллага гишүүдийн хэргийг замхруулдаг гэж шүүмжилдэг юм.

Харин эрхэм гишүүдийн хэрэг аль шатандаа яваа талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболдоос тодруулахад “УИХ-ын гишүүд Ё.Отгонбаярын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гишүүний халдашгүй дархан байдал бий учраас шалгах боломжгүй. УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэлээ.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр их хэмжээний мөнгийг эхнэрийнхээ дансанд нуусан, өөрөө олон тэрбумын тендер идэж уусан хэрэгт холбогдсон бол Номтойбаяр гишүүн хүн хутгалсан хэргээр, Д.Хаянхярвааг УИХ-ын сонгуулийн Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшихдээ өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа 330.000 төгрөгийг өөрийн нэрдэвшсэн тойрогт Сангийн сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж хүн бүрт 670.000 төгрөг тараасан асуудлаар Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулсан байдаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ