АН жигүүрийг жижиг дээр нь дарав

-А.Муратыг албан тушаалаар авлигадсан уу-
Ардчилсан намд жигүүр байгуулагдаад жил хүрэхгүй хугацаа өнгөрчээ. Засгийн эрхийг барьж байгаа намын хувьд асуудалд бодитоор хандаж, шийдвэр гаргаж чадахгүй байгаагаас олон нийтийн дунд намын нэр хүнд унаж байгаатай холбоотойгоор жигүүр байгуулагдсан хэмээн мэдэгдэж байсан. Тэдний хувьд намынхаа ҮЗХ-г хуралдуулж, шинэ гишүүдээ томилох, цаашлаад намын их хурлаа хуралдуулан дүрэмдээ өөрчлөлт оруулах, намын дүрмийн хороо байгуулахыг шаардсан. Нэг ёсондоо намдаа агаар, салхи оруулахыг эрмэлзсэн.
Анхны хуралдаанаар намын дотоод ардчиллыг хөндөж, даргадаа дэс дараалсан шаардлага хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдэж байсан ч ажил хэрэг болсон эсэх нь эргэлзээтэй үлдсэн. Түүний араас Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг буруутгаж, хариуцлага үүрэх ёстой эздийг хайж эхэлсэн гэж байсан ч бас л таг чиг. Угтаа бол жигүүрийн шаардлагыг намын гишүүд дэмжигчид төдийгүй нийт ард түмэн талархаж хүлээж авсан.
Албан тушаалд очсон цагаасаа төрийн албыг төрлийнх болгож, энд тэндгүй төсвийн мөнгийг завшсан нь илчлэгдэж, эгээтэй л Ардчилсан намын нэр хүнд хөсөр уначихаагүй. Хэдийгээр эхлэлээ зөв тавьсан ч үр дүн нь харагдахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Ер нь Ардчилсан намд өдөлсөн жигүүр намдаа агаар салхи оруулахаас илүүтэйгээр албан тушаалын төлөө тэмцэж байж гэж хэлэхэд хилсдэхгүй байх.
Гэвч үүнийг тэд эсэргүүцэж, жигүүрийг даргалагч А.Мурат “Жигүүрт албан тушаалд очсон хүмүүс ч байгаа. Бидний хэтийн зорилго бол албан тушаалд очих биш ээ. Тэгвэл нөгөө буруу юм руугаа явчихна. Тиймээс ч би хувьдаа албан тушаалаас татгалзана. Энэ хорвоод төрийн албанаас тусдаа хийх ажил зөндөө л байна. Бизнесээ хийгээд явна.
Хариуцлагатай хэлье, ямар нэгэн албан тушаалд очих сонирхол надад байхгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Гэтэл өнгөрсөн арванхоёрдугаар сард түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж, албан тушаал “гуйсан” сураг дуулдсан.
Нэг үгээр хэлбэл, тэрбээр жигүүрийн нэрийг барьж Ерөнхий сайдыг шантаажилсан бөгөөд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар очих хүсэлтэй байгаагаа дуулгаж, “Хэрвээ түүнийг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар томилохгүй бол жигүүрийн хүчийг үзүүлэн Н.Алтанхуягийг намын дарга, цаашлаад Ерөнхий сайдын суудлаас буулгах хүртэл арга хэмжээ авна” гэсэн бор шувуу нисэлдэж байсан удаатай.
Батлагдаагүй эл мэдээлэл ч тэгс хийгээд сураг алдарсан. Гэтэл Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар томилогдоогүй ч жигүүр байгуулсны үр шимийг хүртэж, төрийн алба түшээд удаж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард урд хөршийн Эрээн хотод суух консулаар томилогдсон бөгөөд үүрэгт ажилдаа зургадугаар сарын 1-нээс орсон гэдгийг албаны эх сурвалж баталж байна.
Ийнхүү намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тал бүрээс нь чимхэж, тэргүүлж байгаа Шинэчлэлийн Засгийн газрыг нь эрс шүүмжлээд байсан А.Мурат албан тушаалын хахууль авч, амаа үдүүлжээ.
Тиймээс АН өдөлж нисчих гээд сандаргаад байсан жигүүрээ дарж айдгаа авдартаа хийсэн бололтой юм. Одоо намын дүрмээ дага, ҮЗХ-г хуралдуул хэмээн хэсэгтээ л яршиг удахгүй чих амрав бололтой, АН-ын дарга нарын.
Б.Даваатогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ