Г.Сарангэрэл: Сэтгүүлчийн тулгаж асуусан асуултуудад “тийм тийм” гээд хариулсан тал бий

-Намайг танилцуулсан Алтанчимэг хүртэл Х.Тэмүүжин сайдтай дотно байсан-

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай байсан гэж мэдэгдээд буй Г.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно байсан гэж ярилцлага өгсөн?

-Жил гаруйн өмнө танилцсан, уулздаг байсан. Дөнгөж суллагдаж гараад, “шок”-ын байдалд байхдаа сэтгүүлчийн тулгаж асуусан асуултуудад “тийм тийм” гээд хариулсан тал бий. Гэхдээ миний бодлоор, хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгахад Х.Тэмүүжин сайдтай танил байсан ямар ч хамааралгүй баймаар юм. Тиймээс энэ хэргийг улс төрийн явуулга болов уу гэж бодож байна.

-Анх яаж танилцсан юм бэ?

-Алтанчимэг буюу Ажу гэдэг охин танилцуулсан. Өөрөө Тэмүүжин сайдтай дотно харьцаатай байсныг нь мэднэ. Тэр охин одоо намайг гүтгээд яваа. Ажу манай найз охины 10 жилийн ангийн хүүхэд.

-Х.Тэмүүжин сайдтай дотно харьцаатай байсан гэж мэдээлснээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний нэр төрд халдлаа гэж үзэх хүмүүс байна. Х.Тэмүүжин сайдын зүгээс элдэв шантааж, дарамт шахалт ирж байна уу?

-Сөрөг, эерэг хандлага аль аль нь байна. Одоохондоо дарамт шахалт ирээгүй. Гэхдээ ирэх байх гэж бодож айж байна. Манай гэр бүлийнхэн ч ялгаагүй их айдастай байгаа. Энд тэнд явж байгаад яачих ч юм билээ. Гэрээсээ гарахдаа хүртэл их айж байна. Хүмүүс намайг таньдаг болсон байна. Энд тэндээс зураг аваад. Өглөө гэрийнхэнтэйгээ хооллож суутал зөөгч нь миний зургийг авсан байсан. Фэйсбүүкт тавих гэж байхад нь найз охин маань хэлж байж устгуулсан шүү. Иймэрхүү хэцүү байдалд байна.

-Хүний эрхийн үндэсний комисст хандсан уу?

-ХЭҮК-ийн референт Оюунчимэг танаа гээд хоригдсоныхоо дараа хандсан. Долоо хоногийн дараа нэг хүн ирж уулзаад, гомдлыг чинь шалгана гэж хэлээд, ямар нэгэн хариу өгөөгүй, дахиж ирээгүй. Цаашид хандах байгууллагуудад нь хандана. Нэр хүндээ сэргээлгэнэ. Миний нэр хүндийг О.Баасанхүү гишүүн хамгийн анх унагаасан. УИХ-ын чуулганы хаалттай хуралдаан дээр Х.Тэмүүжин сайд руу “Чи хар тамхичин, янхан Сарангэрэл гэдэг охинтой амрагийн холбоотой. Ажлаа өг” гэж анх хэлсэн юм билээ. Тэрнээс болоод л миний нэр хүнд унасан. Ер нь Х.Тэмүүжин сайд ч тэр, О.Баасанхүү гишүүнд ч тэр маш их гомдож байна.

-Х.Тэмүүжин сайд нэг ч удаа эргэж очоогүй болохоор уу?

-Үгүй ээ. Тэрэнд гомдоогүй. Анх мэдэгдэл хийхдээ өмнө нь хэрэгт холбогдоход нь өмгөөлөгч олж өгч тусалсан гэж худлаа ярьсан байсан. Тийм зүйл болоогүй.

-Мэдээж цахим хуудсаар өөрийг чинь их хөнгөмсөг хүүхэн байж гэж яриад байна?

-Хүн өөрийгөө сайнаар л хэлэхийг хүсэх байх. Би өөрийгөө хөнгөн хийсвэр хүн гэж боддоггүй. Өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч. Тэрнээс салхи хаашаа, би тийшээ гэдэг шиг би тийм хүн биш л дээ.

-Гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Ээж маань гэртээ, аав маань байнга гадуур дотуур гардаг. Тиймээс аавдаа их санаа зовж байна. Мөн аавыг минь зодож нүдэхээс эхлээд ямар нэгэн дарамт шахалт ирэх вий гэж одоо ч их зовж байна. Тиймээс надад болон манай гэр бүлд хамгаалалт маш их хэрэгтэй байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ