Хулгайч эр фэйсбүүкээ хаахаа мартаад баригджээ

Миннесота мужид нэгэн айл руу нэвтэрсэн хулгайч гэрийн эзний компьютерт нэвтэрч фэйсбүүк хуудас руугаа ороод хаахаа мартан гарч оджээ. Үүний үр дүнд түүний хэн болохыг олж тогтоосны дараа баривчилсан байна. Гэрийн эзэн Жэймс Вүүдийн хэлснээр тэрбээр гэртээ ирээд хэн нэгэн хүн ирсэн болохыг ойлгожээ. Түүний бэлэн мөнгө болон бугуйн цаг нь гэрээс нь алдагдсан байна. Чингээд зогсохгүй урилгагүй зочин бороонд норсон гутал, бүс, жийнсэн өмдөө тайлж орхиод одсон байна.

Гэрийн эзэн эхэндээ мэл гайхсан боловч дараа нь асаалттай орхисон компьютераа хараад бүр ч цочирджээ. Нээлттэй орхисон фэйсбүүк хуудсыг үзээд Вүүд түүний гэрт нэвтэрсэн хулгайчийн хуудас болохыг ойлгосон байна. Тэрбээр Николас Уиг хэмээх хулгайчийн нэрийн өмнөөс түүний гэрийг ухсан болох талаар бичжээ. Хохирогч эр мөн өөрийнхөө утасны дугаарыг үлдээж Уигийн тухай мэдээлэл, түүнтэй холбоо барих утасны дугаарыг хэлж өгөхийг хүссэн сэтгэгдэл үлдээсэн байна. Тэр өдрийн орой Уигээс Вүүдэд мессеж иржээ.

Одоогоор хулгайч эр юу гэж бичсэн нь тодорхойгүй байгаа ч Вүүд түүнийг өөрийнх нь гэрт хувцсаа орхисон байна гэсэн аж. Гэрийн эзэн хэрэгтнийг тэднийд ирж орхисон эд зүйлсээ авахыг хүсэхэд өнөөх нь зөвшөөрсөн байна. Хохирогч хулгайчийг гэр рүү нь дөхөж буйг хармагц тэр дороо цагдаа дууджээ. Николас Уигийг баривчилсан бөгөөд түүнд арав хүртэл жил хорих ял оноож магадгүй юм. Харин Жэймс Вүүд түүний үйлдлийг энэ хорвоогийн хамгийн тэнэг гэмт хэрэг гэж нэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ