Гэр оронгүй иргэдийг бүртгэлжүүлэх ажилд 68 сая төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх ажил явагдаж байна. Бүртгэл энэ сарын 23-наас 27-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар давхардаагүй тоогоор нийслэлийн зургаан дүүргийн 1130 тэнэмэл иргэдийг бүртгэжээ. Бүртгүүлсэн иргэдэд шар хуудас тараан, гарт нь тэмдэг тавьж байгаа юм байна. Тиймээс тэнэмэл иргэдийг бүртгэхэд давхардсан тоо гарахгүй. Бүртгэл зөвхөн нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэж байна.
Ирэх даваа гаригаас алслагдсан гурван дүүргийн тэнэмэл, орон гэргүйиргэдийг бүртгэхээр болжээ. Иргэдийг бүртгэж дууссаны дараа нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Бүртгэлжүүлэх ажлыг НЗДТГ, НЦГ хамтран зохион байгуулж байна. Бүртгэлд хамрагдсан иргэдийг НЗДТГ-ын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд нэг хоног байршуулжээ. Харин одоогоор иргэдийг явуулаар бүртгэж байна гэж Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн М.Намсрайхүү ярьж байна. Мөн бүртгэлд хамрагдсан иргэдийг дүүрэг тус бүрт нь цуглуулж, хурууны хээ, зургаар нь сан үүсгэж, эрүүл мэндийн үзлэг тусламж үзүүлжээ. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн төсвөөс 68 сая гаруй төгрөг төсөвлөж өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ