Криштиан Роналдо нэр төрийн ганц гоолтойгоор дэлхийн аваргаас буцлаа

Өнгөрсөн шөнө Португалийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ий цорын ганц хожлоо авсан хэдий ч хөгжөөн дэмжигчдийнх нь хувь гунигтай шөнө болж өнгөрлөө. G хэсгийн сүүлийн тоглолтод Португалийн шигшээ Гана улсын шигшээг2:1-ээр буулган авснаар АНУ-тай адил 4 оноотой болсон хэдий ч гоолын зөрүүгээс шалтгаалан америкчууд хэсгээсээ хоёроор хасагдах шатанд шалгарсан юм.

Гэхдээ португаличууд үнэн хэрэгтээ шөвгийн 16-д шалгарахуйц сайн тоглолт үзүүлж чадаагүй нь жинхэнэ үнэн юм. Ганатай тоглосон хэсгийн сүүлийн тоглолтдоо ч тэд үнэн хүчээр хожиж чадсангүй. Эхний үеийн 31 дэх минутад Ганын Жон Боё өөрийн хаалганд авто гоол оруулж тоглолтын тооны харьцааг 1:0 болгосон бөгөөд багийн ахлагч, довтлогч Асамоа Гьян 57 дахь минутад тооны харьцааг 1:1 болгосон юм. Үндсэндээ Ганын тоглогчид өөрөө өөрсөдтэйгөө тулалдсан бөгөөд эцсийн мөчид Рональду энэ дэлхийн аваргын цорын ганц гоолоо оруулж 2:1-ээр португаличууд мөн л цорын ганц хожлоо авсан юм.

Гэсэн хэдий ч тэд АНУ-ын шигшээг аль ч чанараараа давж гарахгүй нь тодорхой юм. Мөн хэсгийн эхний тоглолтоо Германы шигшээтэй хийхдээ хэтэрхий хол зөрүүтэй хожигдсон нь тэдний амжилтад хамгийн томоор сөргөөр нөлөөлж байна. Ингээд дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштиан Рональдуг багтаасан Португалийн шигшээ дэлхийн аваргаас ганцхан хожилтойгоор нутгийн зүг хөлгийн жолоог заллаа.

Гана улсын шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргад оролцож байгаа Африкийн улсуудын багуудаас хамгийн хүчирхэг нь байсан боловч мөн л хасагдах шатанд үлдэж чадсангүй.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ