Байгаль эхийг хамгаалагч ба хөнөөгчид

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардах тэмцлийн явцдаа Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн гэх хэргээр “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарт шүүхээс олон жилийн хорих ял ногдуулсан.

Өнөөдөр уг хэрэгт холбогдуулан Дээд шүүхэд Ц.Мөнхбаяр нарт оноосон ялыг авч хэлэлцэх хурал болно. Тэдэнд оноосон ялыгхэтэрхий өрөөсгөл нэг талыг барьж хандсан хэмээн олон нийт төдийгүй УИХ-ын зарим гишүүд өнөөдрийг хүртэл эсэргүүцсээр ирсэн билээ.

Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нар Улсын дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан юм.

Энэ хэрэг явдал гадаадынхны анхааралд хүртэл орж "Эко хамгаалагч уу, террорист уу" гэх мэт гарчигтайгаар нийтлэл гаргасаныг бид тухай бүрт нь уншигчдадаа хүргэж байсан.

Үнэн хэрэгтээ Ц.Мөнхбаяр нарын үйлдсэн буу зэвсэг ашигласан хэрэг нь яахын аргагүй зөвтгөж боломгүй буруу боловч тэдний тэмцэж явсан үйлс нь зөв билээ.

Ц.Мөнхбаяр “Монголын гол нууруудыг хамгаалах хөдөлгөөн”-ийг үндэслэж байгаль орчны тусын тулд хийсэн бүтээсэн, хамгаалсныхаа төлөө 2007 онд “Goldman Prize” хэмээх олон улсын нэр хүндтэй шагналаар шагнагдаж байв. Түүний ачаар олон гол горхи ширгэх аюулаас аврагдаж байсан. Гэтэл үүнийх нь төлөө түүнийг шагнах нь бүү хэл өөрийг нь ширгээхээр зүтгэж байна. Хойч үе маань хөвөөнд нь тоглож өсөх ганц ч гэсэн цэнгэг уст гол горхитой байна гэдэг хүний аминд хүрчихээгүй л бол ямар ч ялыг цагаатгах гавьяа баймаарсан.

Монголчууд бид байгаль дэлхийгээ хайрлан хүндлэж, салшгүй нэгэн шүтэлцээтэйгээр оршиж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Байгаль орчин, ан амьтнаа алж хөнөөж бохирдуулахгүй хамгаалж, хайрладаг асар баялаг өв уламжлал, ёс цээртэй түүнийгээ ч үеийн үед сахин мөрдсөөр ирсэн билээ.

Тэгвэл монголчууд энэ уламжлалаараа явсныхаа төлөө төрөөс шийтгүүлж яллуулж байхад эргээд төр нь ард түмнээ, байгаль дэлхийгээ хайр найргүй хөнөөж байна. Бүр зарим нэгэн улстөрчийн гар бие оролцсоноор шүү. Энд ганц л жишээ дурдахад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нь Дархан-Уул аймгийн Засаг дарга байхдаа нутгийн дүүгээ Завханаас татан авчирч Хонгорын засаг дарга болгосон билээ. Мөнөөхөн нутгийн дүү нь хятадуудтай үгсэн хуйвалдаж сумын төв дунд мөнгөн ус ашиглан алттай шороо угааснаар хүн малыг хордуулсан.

Өдийг хүртэл тосгоны мянган хүнээс 450 нь үлдэж бусад нь дүрвэсэн. 60 эхийн үр зулбаж, тус сумын 2530 иргэний 90 нь хорт хавдраар нас барж, одоо 30 хүн үхлээ хүлээж байгаа гэх аймшигтай мэдээг Иргэний нийгмийн байгууллагууд дуулгасан хэдий ч цочирдохгүй байгаад айдас төрүүлээд байгаа юм.

Засаг дарга байсан Д.Хаянхярваа Хонгорыг хордлогыг мартуулахын тулд мөнгөн ус цианит натри илрээгүй, хүн амыг нүүлгэх шаардлагагүй хэмээн хууль бус олон үйлдэл хийснийг ч дээрх хүмүүс баримттайгаар мэдэгдэнэ билээ.

Эдгээр ТББ-ууд Хонгорын хордлогыг бий болгосон Хаянхярваачууд халаасаа түнтийтэл баяжин, албан тушаал ахиж, шударга ёс ярих болсныг жигшин буруушаав. Нээрээ ч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа сүүлийн үед шударга ёсноос өөр юм ярихаа больсон. Хордлогоос гадна түүний удирдлагад ажиллаж байсан хэд хэдэн албан тушаалтан хэдэн зуун сая төгрөг завшсан хэргээр ял эдэлж, харин Хаянхярваа ноёнтон ял завшин халдашгүй байдлын хэрэмний цаана орж амжсаныг хэн хүнгүй мэднэ.

Ийнхүү төрд данстай зарим нэг түшээд овлигогүй үйлдэл хийж хүн байгалиа хөнөөж байхад тэдэнд ямар ч шийтгэл оноосонгүй хэрнээ Ц.Мөнхбаяр нарын зөв үйлсийн төлөө тэмцэгчдийг хүн амины хэрэгтний жишгээр яллан гадуурхах нь ёстой л энэ цагийн увайгүй түмэн алдааны нэг юм даа.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ