Х.Тэмүүжин: "Женко" Х.Баттулгатай тооцоо бодно, зүгээр суухгүй

Өчигдөр орой 25-р суваг телевизээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин шууд ярилцлагаар орсон юм.
-Өнөөдөр /өчигдөр/ төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүнийг дуудаж уулзах үеэр та Төрийн ордны өргөтгөл рүү орж явж харагдсан. Ерөнхийлөгчтэй уулзсан юм уу?
-Тийм ээ. Уулзсан.
-Таныг сайдаас огцруулах асуудал яригдаж, танай намын бүлэг дотор асуудал нэлээд маргаантай байх үед Ерөнхийлөгч таныг цээжээрээ хамгаалсан. Тэгэхээр та Ерөнхийлөгчийн фракцийн хүн үү?
-Улс төрд, ялангуяа Ардчилсан нам дотор “Хэний фракци, хэний хүн бэ” гэж их хардаг, харддаг. Яах аргагүй намайг улс төрд хөтөлж оруулсан хүн бол Ерөнхийлөгч мөн. Гэхдээ бид хэний фракц, эсвэл хэнийг дагаж орж ирсэн хүн бэ гэдгээсээ илүү барьж байгаа зарчим, үнэт зүйл, асуудлыг харж байгаа цонхоороо илүү ойрхон. Би хувьдаа тэгж боддог. Хүн бүр юмыг өөр өөрийнхөөрөө харна. Асуудлыг голоор нь зөв харж байвал олон хүний харж байгаа цонх давхцана. Харж байгаа цонх маань нэг байгаа бол түүнийхээ төлөө тууштай явах ёстой шүү дээ.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү таныг огцруулах санал оруулахдаа “хүүхдээ үрчлүүлсэн, хар тамхины хэрэгтэн хүүхэнтэй холбоотой” гэх мэт маш сонин үндэслэлүүд гаргаж тавьсан. Энэ үндэслэлүүдээ хаанаас цуглуулсан юм бол оо?
-Би Хууль зүйн сайдын ажлыг аваад л анх хэлж байсан. Манай гэр бүлийнхэн ч гэсэн бэлтгэлтэй байсан. Хуулийн байгууллагын олон нийтэд хаалттай, тусгай арга хэрэгсэлтэй, үүгээрээ дамжуулаад хүний хувийн амьдрал руу дуртай цагтаа орж болдог ийм эрх мэдэлтэй , гэхдээ тэр нь буруу арга барилтай, хуулийн нэр барих мөртлөө хуулиасаа гадуур хувь хүнийхээ ашиг сонирхлыг гүйцэлдүүлдэг тийм соёлтой байгаа бүтцийг өөрчилнө гэдэг эрсдэлтэй л дээ. Манай энэ төрлийн байгууллагууд гэмт хэрэгтэй тэмцэхээсээ илүүтэй өөрийг нь томилдог, хянадаг хүмүүс рүүгээ бүх хэрэгслээ хандуулаад “Энэ хүнтэй холбоотой асуудлыг бариад авчихвал би албан тушаал дээрээ найдвартай үлдэнэ” гэдэг байдлаар надтай холбоотой мэдээлэл, янз бүрийн юм цуглуулсан юм шиг байна лээ.
-Таныг тагнасан, чагнасан гэдгийг бол та өөрөө нэгэнт зарлачихсан шүү дээ. Хэн үүнийг хийсэн бэ гэдгийг та тодруулсан уу?
-Тагнуулын байгууллага тодорхой үйл ажиллагаа явуулаад, урьдчилсан байдлаар ийм нөхцөл байдал тогтоогдлоо гээд эрүүгийн хэрэг үүсгэчихээд байхад Ерөнхий прокурор өөрөө утасдаад хэргийн шалгалтыг зогсоосон. Их сонирхолтой юм болсон. Цаг нь ирэхээр бүр сонирхолтой түүх яригдана.
-О.Баасанхүү гишүүн тэр мэдээллийг хаанаас авсан юм бэ?
-Мэдээж хэрэг О.Баасанхүү зүгээр дээшээ хараад хэвтэж байхад нь унаад ирээгүй нь тодорхой. Над дээр явуулсан гүйцэтгэх ажлынхаа бүх мэдээллийг манай хүнд аваачиж өгсөн юм шиг байгаа юм. Би бол О.Баасанхүүг буруутгахгүй. Тэр хүн улс төрөө л хийсэн шүү дээ.
-Хэн аваачиж өгсөн юм бэ?
-Цагдаагийнхан л аваачиж өгнө шүү дээ, өөр хэн өгөх юм. Заавал надаар дахин дахин хэлүүлэх ямар шаардлага байна. Хүн болгоны нүдэн дээр ил болсон зүйл шүү дээ. Огцруулах асуудал чуулганаар ороход цагдаагийн хэдэн дарга орж үг хэлсэн, хуулийн байгууллагууд яаж ажилласан, бүх зүйл ил байгаа шүү дээ.
-Уучлаарай, асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Хоёр хоногийн өмнө 2-р суваг телевизээр Г.Сарангэрэл гэж эмэгтэй ярилцлага өгсөн. Тантай дотно холбоотой байсан гэдгээ Монгол орон даяар зарлачихлаа. Танд хэлэх үг байна уу?
-Би бол тэр хүнийг буруутгахгүй байна, бараг өмөөрөх ч ёстой юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл тэр хүний хувь заяа хүний гарт байна шүү дээ. Уг нь бол хуулийн гарт байх ёстой байхгүй юу. Ямар нэг гэмт хэрэгт сэрдэгдэж шалгагдаж байгаа хүн хуулийн гарт байх ёстойгоос биш хүний гарт байх ёсгүй. Гэтэл харамсалтай нь яг одоо бидний амьдарч байгаа цаг үе, шинэтгэлийн үйл явц дунд өөрчлөгдөж амжаагүй, өөрчлөх ёстой зүйл бол гэмт хэрэг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор өөрсдөө гэмт хэрэг хийдэг, хууль ийм байна гэж хэлж байгаа боловч хувийнхаа ааш аягийг гаргааг хэсэг байна. Үнэхээр тэр хүн хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа бол түүнийгээ яаж шийдүүлэх вэ гэдэг нь тэр хүний хувь заяа байна шүү дээ. Тэрийг нь шалгаж байгаа хэсэг нөхдүүд байна. Түүгээр дөрөөлж зохиол бичээд над руу цацаж байгаа нэг хэсэг байна.
-Тэр эмэгтэй үнэхээр хар тамхины хэрэгт холбоотой юм уу?
-Би яаж мэдэх юм, шалгаж байгаа цагдаа нараас нь асуухгүй юу. Ямар ч байсан эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгаж байгаа юм байна, тэрнийх нь үнэн мөн шүүхээр л эцэслэн тогтоогдоно. Магадгүй, зохион байгуулалттай ч юм явсан байж магадгүй. Энэ хүн ийм юм байна, Тэмүүжинг таньдаг гэж байна, түүгээр нь далимдуулаад Тэмүүжинтэй тооцоо хийе гэдэг бодлого явж байгаа юм шиг байна. Тэгэхээр та наад гоё асуултаа энэ зохиолыг бичсэн хүмүүсээс очоод асуувал илүү сонирхолтой бөгөөд үнэмшилтэй ярьж магадгүй. Магадгүй шүү. Би бол нэг л зүйлийг хэлнэ. Хэрвээ энэ арга барилаараа бүгдийг худалдаж авна, худалдаж авч чадахгүй бол айлгаж байгаад, бөөн хар юм аваачиж нааж байгаад өөрийнхөө өмнө авчирч зогсоогоод ашиг сонирхлоо гүйцэлдүүлнэ гэж бодож байгаа бол үгүй. Уучлаарай. Тэгж бодож байгаа хүн байвал би дахиад хэлье. Уучлаарай. Тэр бол та нарын л зохиол. Би тэр зохиолын чинь гол дүрд тоглохгүй.
-Тэр эмэгтэй өөрөө “Би Тэмүүжинг сайн ах гэж боддог байсан, холбоотой байсан” гэж ярьсан шүү дээ?
-Би маш тодорхой хэлсэн. Би тэр эмэгтэйг танина. Өнгөрсөн хавар нэг хүний төрсөн өдөр дээр тааралдаж байсан.
-Хоёр жилийн өмнө биш юм уу?
-Үгүй, жилийн өмнө. Дараа нь хулгайн хэрэгт холбогдчихлоо, өмгөөлөгч олж өгөөч гэхээр нь О.Алтангэрэл гэж яамныхаа зөвлөхөд хэлээд өмгөөлөгч олж өгсөн. Өөрөө бол тийм юм болоогүй юм шиг л ярьсан байна лээ. Баттулга гэж өмгөөлөгч байсан санагдаж байна. Тэр өмгөөлөгч туслалцаа үзүүлж чадсан эсэхийг мэдэхгүй. Надаас маш олон хүн тусламж гуйдаг. Гэхдээ би нэг л зарчим барьдаг. Би тэр хүнийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, прокурор, шүүгч рүү хэзээ ч ярихгүй. Тэр бол хууль бус үйлдэл. Тэдэнд тусалж чадах миний боломж юу вэ гэвэл өмгөөлөгчтэй л холбож өгч болно. Хууль зүйн туслалцаа аваад, хуулийнхаа замаар л асуудлаа шийдүүлнэ үү гэхээс би ямар нэг байдлаар шүүгч, прокурор луу ярьсан бол албан тушаалаа ашигласан, шүүгчид нөлөөлсөн болно. Магадгүй ийм юм хийх байх гэж зорьж сүүлд нь над дээр ажиллагаа явуулсан юм шиг байна лээ. Гэхдээ би тийм юм хийдэг хүн биш.
-Таныг мөнгө төгрөг өгдөг, сургуульд оруулна гэж амласан гэж хүртэл ярьсан шүү дээ?
-Уучлаарай, тийм зүйл байхгүй. Хэрвээ тийм зүйл байдаг бол тогтоодог газраараа тогтоолгоод, ярьдаг газраа ярь. Би түрүүн хэллээ шүү дээ. Би хэн нэгний зохиосон зохиолын гол дүрд тоглодог хүн биш. Тэр дундаа цагдаагийнхны бэлтгэж өгөөд, бас нэг улстөрч нь санхүүжүүлээд хийж байгаа тоглоом дотор орно гэвэл уучлаарай. Үгүй. Би тэрийг хариуцлагатайгаар хэлье.
Үнэндээ бол шоронгоос гарч ирснийхээ дараа над дээр ирээд “баярлалаа” гэж нэг удаа хэлсэн. Дараа нь “СУИС-д оруулж өгөөч” гэж нэг ирсэн. Тэгэхэд нь би “Уучлаарай, би тийм зүйл мэдэхгүй. Би бол хуулийн салбарын хүн. Хуулийн сургуульд орохын тулд тийм оноотой байх ёстой” гэдгийг хэлсэн. Бидний хооронд тийм л яриа болсон. Өөр ямар ч харьцаа холбоо байхгүй. Гэхдээ би дахиад хэлье. Хувь заяа нь хүний гарт байгаа хүнийг би буруутгахгүй. Энэ хэрэг нь магадгүй зохион байгуулалттай байж болно, үүгээр дөрөөлж намайг унагаана гэж байгаа бол. Би зүгээр магадгүй л гэж хэлж байна шүү. Өмгөөлөгчид нь, хуульчид бүгдээрээ ажиллаад шүүх хурал дээр юу болох нь вэ харья. Шүүхээрээ асуудлаа шийдүүлээд яваг. Гэхдээ ийм ажиллагаа зохион байгуулсан хүмүүстэй би тооцоо бодно оо. Зүгээр суухгүй.
-Хэн зохион байгуулсан гэдгийг нь та таамаглаж байна уу?
-Өнөөдөр манайд захиалгатай нэвтрүүлгээр хүний тархи угаадаг нэг хүн тодроод л байгаа биз дээ.
-“Женко” Баттулга уу?
-Өөр хэн байх юм.
-Өмнө нь та эрх мэдлээ алдсан хурандаа нарын хийсэн хэрэг гэж хэлж байсан...?
-Нэг сумыг таван намаар харвадаг юм байна гэж хэлсэн биз дээ. Материалыг нь бэлтгэж өгдөг нэг хурандаа байгаа. Түүнийг нь ашиглаад Тэмүүжинг дараад авья даа гэсэн бас нэг хүн байна. Нүдэн дээр ил тод байгаа зүйл шүү дээ. Байгаа, тогтсон юмыг өөрчилнө гэдэг мэдээж хэрэг эсэргүүцэлтэй тулгарна аа. Гэхдээ энэ эсэргүүцэл арай эрт бөгөөд олон талтайгаар гарч ирж байгаа нь надад сонирхолтой байна. Өчигдөр миний нэг хүндэтгэж явдаг ах над руу мессеж бичсэн байсан. “Шантарч болохгүй. битгий шантраарай. Хожим намтраа бичихэд их олон хурц тод өнгөтэй, хүн уншихад сонирхолтой түүх үлдэнэ” гэж. Тийм ч биз.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ