“Саруул Монгол” аян үргэлжилж байна

“Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагаас санаачлан, “Mongolian Rap Hip-Hop Academy”-тай хамтран зохион байгуулж буй “Саруул Монгол” олон нийтийн аяны оргил үе эхлэхэд бэлэн боллоо.
Хүүхэд, залуучуудыг хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан хамгаалах зорилгоор зохион байгуулагдаж байгаа аяныг төр, олон нийтийн байгууллагууд олноороо идэвхтэй дэмжин оролцож байна.
Хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ хэт залуужин өсөх хандлагатай байгаа энэ үед цаг үеэ мэдэрсэн аяныг өрнүүлж байгаад олон нийт, хүүхэд залуучууд талархалтай хүлээж авч буйгаа олноороо илэрхийллээ.
“Саруул Монгол” олон нийтийн аяны хамтран зохион байгуулагчаар ЭМЯ, ХАХНХЯ, Гэрэлт медиа групп, ЦЕГ, Баянгол дүүргийн ЗДТГ, ГЕГ, Монголын хип-хоп холбоо ажиллаж байгаа бөгөөд мэдээллийн ивээн тэтгэгчээр бүх телевиз, фм, сонин, сайтууд оролцож байгаа ажээ.
Харин энэхүү өдөрлөгийн үдэш Хип хопын бүх одод нэгэн доор чуулж, ая дуугаа өргөн хүүхэд, залуучуудынхаа сонорыг мялаана. Тоглолтод, “DJ Chin”, “DJ Maral”, “Break Dance”, “Show Girls”, “Зоригоо Этник”, “Rooky”, “Хишигтэн”, “Загасан ширээт”, “TG”, “Vanguish”, “Opozit”, “Click click Boom”, “Нөлөө”, “Nexus”, Gennie, “Дайн ба Энх”, “Эрх Чөлөө”, “Мон та реп”, “Shap MC Ариука”, “GEE”, “Desant”, “Quza”, “Татар”, “Digital”, “Ice Top”, “Хар Тас”, “Хар Сарнай” зэрэг хамтлаг, дуучид оролцож хар тамхи, мансууруулах бодисын эсрэг аянд нэгдэж буйгаа илэрхийлэн дуу хоолойгоо өргөх юм.
“Саруул Монгол” олон нийтийн аян 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 14:00 цагаас Чингисийн талбай дээр төр, олон нийтийн байгууллагуудын сурталчилгаагаар эхэлж, 18:00 цагт Зүүн дөрвөн замаас эхлэх парадаар үргэлжлэн үдшийн 23:00 цаг хүртэл явагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ