Колумбийн шигшээ ялагдашгүй, Хамес гайхамшигтай байна

Өнгөрсөн шөнө болж өнгөрсөн хасагдах шатны эхний хоёр тулаан Бразил - Чили, Уругвай - Колумбийн шигшээ багуудын хооронд байлаа.

Бразил Чилийн шигшээг эцсийн мөчид торгуулийн цохилтоор буулгаж авсан тухай тоглолтын тоймыг бид та бүхэнд хүргэсэн. Тэгвэл Колумб Уругвайн шигшээг багийг илт давамгайлан 2:0-ийн харьцаагаар буулгаж авсан юм. Ингэснээр Бразил, Колумбийн шигшээ шөвгийн наймд тулах боллоо.

Италийн шигшээгийн эсрэг тоглолтод Киллиниг хазсан, өмнө нь хоёр ч удаа эсрэг багийн тоглогчоо хазаж байсан Луис Суарес дөрвөн сар тоглолтод орох эрхээ хасуулсны улмаас ийнхүү Уругвайн шигшээ хожигдлоо хэмээн мэдээлж байгаа ч үнэндээ Суарес ороод ч Колумбийг дийлэхгүй байсан мэт тоглолтыг бид талбайгаас харсан.

Тоглолтын 28 дахь минутад Уругвайн хамгаалагч Альваро Перрейрагийн алдаа багтаа гай удаж Абель Агуиларийн дамжуулалтаас Колумбын залуу од Хамес Родригос гоолдсоноор 1:0-ийн харьцаагаар колумбчууд тэргүүлж эхэлсэн. Өмнөх 2010 оны дэлхийн аваргын мэргэн бууч, алтан бөмбөгийн эзэн Диего Форланыг хэдийгээр Луис Суаресийн оронд гараанд гаргасан ч Кавани болон бусад нөхдийнхөө хамтаар зүтгээд зүтгээд Колумбийн шигшээгийн хамгаалалтыг тэр бүр сэтэлж чадсангүй, чадсан ч бүтэл муутай байсан юм.

Улмаар тоглолтын хоёр дахь хагасын 50 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Хамос дахингоол болгосноор энэ тоглолтын хоёр дахь бөгөөд сүүлийн гоол, дэлхийн аваргад ирснээс хойш өөрийн тав дахь гоолоо оруулаад амжлаа. Ингэснээр Хамес Родригес мэргэн буучдын жагсаалтыг таван гоолтойгоор тэргүүлж эхэлсэн бол Колумбын шигшээ баг дэлхийн аваргад ирсэн цагаасаа хойш нэг ч хожигдолгүй дөрөв дэх хожлоо авч түүхэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлэн шөвгийн наймд шалгаран үлдээд байна.

Луис Суаресийн балгаар Уругвайн шигшээгийн хүч колубмчуудын өмнө үнэхээр хүчин мөхөсдөж байлаа. Ид гялалзаж, цахиур хагалж яваа залуу колумб хүүгийн эсрэг 35 настай довтлогч Форланы тоглолт багийнхаа шигшээ багийн дүр төрхийг харуулсан юм.

Ийнхүү өмнөх дэлхийн аваргаас эхлэн хүчирхэгжин гялалзаж дөрөвдүгээр байранд шалгарч байсан Уругвайн шигшээ баг энэ удаа хэсгээсээ шалгарч чадсан ч цаашаа дэлхийн аваргыг үргэлжлүүлж чадсангүй.

Колумбын шигшээгийн хувьд хэсгийн тоглолтод Грекийн багийг 3:0-ээр, Кот Диуварын багийг 2:1-ээр, Японы багийг 4:1-ээр илүүрхэн буулган авч хэсгээсээ нэгээр шалгарч Уругвайн шигшээтэй таараад байсан. Дараагийн даалгавраа ч амжилттай гүйцэтгэж одоо шөвгийн наймд Бразилийн шигшээтэй тулахаар боллоо.

Ийнхүү өнгөрсөн шөнө Өмнөд Америкийн дөрвөн шигшээ хоорондоо тулж хоёр нь нутгийн зүг жолоогоо залахаар болж хоёр нь дараагийн шатанд өрсөлдөнө.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ